Нийгмийн хөгжилд эрчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-29 14:09:41

Увс /МОНЦАМЭ/. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хорт зуршлын хэрэглээ, осол гэмтэл, гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа байдал, хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавуудын үүрэг оролцоо зэрэг сэдвээр эрчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцох аж. 

Хэлэлцүүлэгт 250 гаруй эрэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн ТББ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, сум бүрт салбар байгуулах ажлыг эрчимжүүлэх, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзахад чиглэсэн тодорхой арга хэмжээ, зохион байгуулах, хөвгүүд, залуучууд, нийт эрчүүдийг соён гэгээрүүлэх, эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, бага насны эрэгтэй хүүхдийн үзлэг, оношилгоо, эрчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ эрэлхийлэх хандлагыг нэмэгдүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж байна.

Эндээс гарсан саналуудыг нэгтгэж ажлын төлөвлөгөө гарган, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, эрэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн заримыг нь аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж, олон талын оролцоотойгоор хэрэгжүүлэх аж.

Хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Увсын Хийморьлог эрчүүд ТББ-ын төлөөлөл болсон эрчүүд оролцож байна.

 

Холбоотой мэдээ