“Увс нуур цом-2019” үндэсний бөхийн барилдаан Улаангом хотноо болно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-30 11:54:00

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн харьшгүй хүчит аваргуудын нэрэмжит "Увс нуур цом-2019 үндэсний бөхийн тойргийн барилдаан ирэх 11-р сарын 8-10-ны өдрүүдэд Улаангом хотноо болох гэж байна. Уг барилдааныг 1981 оноос хойш тасралтгүй 38 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оноос хойш "Увс нуур цом" хэмээн нэрээ өөрчилсөн байна.

Тус тэмцээний зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр "Килсо центр" компани ажиллаж байна. Түрүү бөх 5 сая, үзүүр бөх 2 сая, эхний аравт орсон бөхчүүд шагналтайгаас гадна "Уран барилдаантай бөх", "Уран гараа дэвээтэй бөх”-ийг шалгаруулах аж. Иймээс бөхчүүд, бөх сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Үүнээс гадна ирэх 11-р сарын 4-6-ны өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун суманд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит "Аваргын гараа" жүдо бөхийн өсвөр үеийн нээлттэй тэмцээн болох юм. 

Холбоотой мэдээ