Завхан аймгийн 90 гаруй сурагч Өмнөговийг зорилоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-04 12:34:31

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 90 гаруй сурагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар эх орныхоо бүтээн байгуулалттай танилцахаар Өмнөговь аймаг руу хүлгийн жолоо заллаа.

Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтад оролцсон сурагчдын төлөөлөл 12 дугаар ангийн шилдэг 90 хүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар эх орныхоо бүтээн байгуулалттай танилцахаар болжээ. Энэ жил Монгол Улсын түүхэнд анх удаа монгол цэргүүд эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Тавантолгойн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тус бүтээн байгуулалтад гар бие оролцсон цэргүүдтэй уулзалт хийх үйл ажиллагаанд Завхан аймгийн эх оронч сурагчдыг урьсан байна. Хүүхдүүд 3600 гаруй километр аялж Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад хэрхэн оролцсоныг харахаас гадна Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм байна. Эдгээр сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар эмч, цагдаа, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 10 гаруй хүн ажиллаж, хоёр автобус, дөрвөн жолоочтой Улиастай хотоос хөдөллөө.

Харин хүүхдүүдийг ая тухтай, аюулгүй аялуулж, эх орныхоо бүтээн байгуулалттай танилцах энэхүү үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар дэмжсэн юм. Тэднийг үдэж өгөх үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан: “Та бүхэн оюунлаг Завханчуудынхаа, энэ сайхан нутгийнхаа нэр хүнд, хийморь золбоог магнайдаа авч явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байна. Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад хэрхэн сэтгэл зүрхээ шингээж, гар бие оролцсоныг өөрийн нүдээр харж, ирээдүйн их бүтээн байгуулалтын эзэд нь байх болтугай. Нутгийнхаа нэр хүндийг үргэлж өндөрт өргөж, хийморь сүлд нь босоо явахын ерөөл өргөе” гэж урам өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Эх оронч хүүхдүүд Монголдоо анх удаа томоохон сургалтад хамрагджээ

Залуу хойч үеэ эх оронч үзэлтэй, бусдын төлөө сэтгэлтэй, үг даах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөр эрхлэх бие бялдар, багаар ажиллах чадвартай, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг Завхан аймаг амжилттай зохион байгуулсан билээ.

Өнгөрсөн жил тус үйл ажиллагааг УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар хамтран Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулж, Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1300 гаруй сурагч хамрагджээ. Харин энэ жил цэрэг эх оронч хүүхдүүдийн сургалтыг дөрвөн аймаг зохион байгуулсан бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт цэрэгжилтийн хичээлийг оруулахаар төлөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ