Сурагчид “Миний нутаг – Миний бахархал” эко аялалд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-13 17:54:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас “Миний нутаг – Миний бахархал” сэдэвт өсвөр үеийнхний эко танин мэдэхүйн аяллыг зохион байгууллаа. Ийм аяллыг гурав дахь удаагаа явуулж байгаа аж. 

Энэ удаагийн аялалд Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн “Эко” клубийн сурагчид оролцжээ. Тэд Цэцэрлэг хотоос Хашаат сумын Хөшөө Цайдам музейд очсон байна. Замын туршид БОАЖГ-ын мэргэжилтнүүд Архангай аймагтай холбоотой танин мэдэхүйн асуулт хариултыг сурагчдын дунд өрнүүлжээ. Эко клубийн сурагчид анх удаа энэ музейгээр зочилсон ба сонирхолтой санагдсанаа хэлжээ. Мөн сурагчдад Хархорин дахь Хархорум музейг үзүүлсэн байна.

Энэ аялал нь өсвөр үеийнхний экологи болон түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, нутгийнхаа сайхнаар бахархах, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм. Аяллыг аймгийн БОАЖГ, Аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ