Орон сууцны үнийг бууруулах зорилгоор худал мэдээлэл тарааж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 14:26:50

Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын хашаан дотор буюу Бөхийн өргөөний ар талд усан сан барих газар дээр ажилчдын орон сууц босгох гэж байгаа нь аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн цахим ертөнцөд шуугиан дэгдээд байна. 

Энэ талаар Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн албан ёсоор мэдэгдэл хийлээ. Тэрбээр:    “Увс аймгийн Засаг дарга миний бие Биеийн тамир, спортын газрын ажилчдын орон сууц барихтай холбогдуулан нийгэмд шуугиан дэгдээж буй асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаж байна.
Биеийн тамир спортын газраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж байгууллагын эзэмшлийн газраас хэсэгчлэн авч, ажилтнуудын орон сууц бариулахаар удаа дараа хүсэлт тавьсан байдаг. 2016 оны 03-р сарын 03-ны 1/36 тоот албан бичиг ирүүлж, ажилтнуудын орон сууц барих 4934 мКв газрыг хэсэгчлэн “Хяргас трейд” ХХК-нд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан байна. Байгууллагын ажилчдын хурлын тэмдэглэлийг хавсаргаж, орон сууцны захиалга, барих гэрээний хамт гаргасан уг хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар судлаж үзээд газрын эзэмшлийг шилжүүлэх саналаа аймгийн Засаг даргад ирүүлсэн. Биеийн тамир спортын газрын хүсэлт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын саналыг үндэслэн газар эзэмшүүлэх 2016 оны 3-р сарын 11-ний өдрийн А/102 тоот захирамжинд аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ гарын үсэг зурж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Усан бассейн барих 8550 мКв газрыг байгууллагын эзэмшилд нь үлдээжээ.
Гэтэл МАН-ын хэсэг залуус Засаг дарга миний биеийг хууль зөрчин газар зарсан, луйвардсан мэтээр удаа дараа гүтгэж, уг мэдээллээ нийгмийн сүлжээгээр тарааж, байгууллагын ажилчдыг турхиран гэр барьж , эсэргүүцэл үзүүлэн зохисгүй авирлалаа.
Биеийн тамир спортын газрын албан хаагчидтай биечлэн уулзаж, учир явдлыг лавлахад гэр барьж эсэргүүцсэн зорилго нь баригдах орон сууцны мКв-ийн үнийг бууруулахаар “Хяргас трейд” ХХК-д шахалт үзүүлсэн гэдгээ ярьсан.
Орон сууцны метр квадратын үнийг бууруулах зорилгоор хувийн хэвшлийг дарамтлан олон нийтийг үймүүлсэн худал мэдээлэл тараасан тухайн байгууллагын зарим төрийн албан хаагчдад хариуцлага тооцохыг Биеийн тамир спортын газрын дарга Д.Төрмөнхөд үүгээр мэдэгдэж байна.
Аймгийн Засаг дарга миний бие нь хууль зөрчиж бусдад газар эзэмшүүлэх, өмчлөх шийдвэр гаргасан бол хууль, хяналтын холбогдох байгууллагад шалгуулахад хэзээд бэлэн байх болно.
Миний бие болоод манай гэр бүлийн гишүүдэд Улаангом суманд эзэмшсэн, өмчилсөн нэг метр ч газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
1990-2012 оны хооронд Улаангомд 100 хүрэхгүй айлын орон сууц барьж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд 700 гаруй айлын орон сууц баригдаад байна. Энэ бол гар дамнан зардаг байсан газрыг үнэгүй олгож, дэд бүтцийг нь татсан орон нутгийн оновчтой бодлогын үр дүн юм.
Ард түмнийхээ итгэлийг хүлээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын бодлогыг тууштай дэмжиж хэрэгжүүлсэн хувийн хэвшлийнхэндээ баярлалаа.
МАН-ынхан бүтээн байгуулалтын ажил бүрийг эсэргүүцэж, баялаг бүтээгч хувийн хэвшлийг дарамталж байна. Аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, хөрөнгө оруулалтыг нь зогсоох ажлыг УИХ-ын гишүүдээсээ эхлэн хийж байна. Сүүлдээ төрийн албан хаагчдыг муйхар аргаар улс төрийн зорилгоор ашиглаж байгаа байдлыг таслан зогсоож, аймаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө манай баг хамт олон, хөдөлмөрч ард түмэнтэйгээ хамтран ханцуй шамлан ажиллах болно” гэсэн юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ