“Агтана хүрээт-2019” фестивальд 600 гаруй хүн оролцлоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-17 22:31:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Агтана хүрээт-2019" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль хоёр дахь жилдээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханы энгэрт энэ сарын 16, 17-ны өдөр болж, тус арга хэжмээнд  ойролцоогоор 600 гаруй хүн оролцсон байна.

Энэ удаагийн фестивальд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн адуучдаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ы уяач, адуучид ирж оролцсон нь тус наадмын цар хүрээ тэлж, ач холбогдол үр дүнгээ үзүүлж эхэлж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Учир нь анхдугаар фестивалийг ӨМӨЗО-ы иргэд зорин ирж үзэж байсан бол энэ удаа тэмцээнд оролцох болсон нь ийнхүү дүгнэхэд хүрсэн гэлээ.

Наадмын хүрээнд өмнөх жилийн фото зургийн уралдаанд шалгарсан зургууд болон адууны эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан нь өмнөх жилээс онцлог байсан бөгөөд оролцогчдын сонирхлыг ихээхэн татжээ. Мөн галын наадам, тойрон бүжиг, язгуур урлаг, театрчилсан тоглолтыг аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид сонирхуулжээ.

Монгол Улсын Соёлын үнэт өв болсон монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл уламжлал, ахуйгаа гэрэл зургийн хальсанд мөнхлөн үлдээж, дэлхий нийтэд сурталчлах зорилго бүхий энэхүү наадмыг Сүхбаатар аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулдаг бөгөөд өвлийн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах ажлын эхлэл болж буй. 

Холбоотой мэдээ