Зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авлаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-18 10:21:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ онд улс, орон нутгийн, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлыг 11 дүгээр сарын 16-нд ашиглалтад хүлээн авлаа.

Энэ жил аймгийн хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон гүйцэтгэгч компани, иргэдийн төлөөлөл оролцов.

    

"Мандах наран" орон сууцны хороолол ашиглалтад оров 


Дорноговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар, аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт дөрвөн блок бүхий орон сууцны хорооллыг ашиглалтад орууллаа.

"Мандах наран" хороолол нь автомашины гарааштай, гаднаа зогсоолтой, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай болон үйлчилгээний төвтэй.

Ам.метр нь 650 мянган төгрөгийн үнэтэй нэгээс гурван өрөөний зохион байгуулалттай тус хороолол нь Монгол Улсын хамгийн хямд байрт тооцогдож байна.

2016 оноос "Мандах наран" 1000 айлын орон сууцны барилгын ажлыг “Гантулга трейд” ХХК гүйцэтгэж буй бөгөөд 2017 онд Сайншанд сумын II багт "Мандах наран-1" хороолол, 2018 онд Замын-Үүд суманд "Мандах наран-II" хорооллыг ашиглалтад оруулсан бол энэ онд Сайншанд суманд Мандах наран-III, IV хорооллыг бүрэн ашиглалтад оруулаад байгаа юм.

Орон нутгаас орон сууц барих газар олгож, орон сууцны гаднах дэд бүтцийн ажлыг шийдвэрлэж байгаа аж. Аймгийн Нутгийн зөвлөлөөс байр олгохдоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд иргэдийг зорилтот бүлэг болгон хувааж, олон нийтэд нээлттэй сугалаа явуулжээ.


Сайншанд сумын IV баг Иргэдийн хөгжлийн төвтэй болов


Сайншанд сумын IV багт Иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, нээлтийн ёслолыг зохион байгууллаа.

Иргэдийн хөгжлийн төв байгуулснаар багийн ажлын алба, багийн Иргэдийн нийтийн хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг нэг дор байрлаж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрджээ.

Барилгын ажлыг орон нутгийн төсвийн 398 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Айсуй хөгжил” ХХК барьсан юм. Тус баг нийт 2800 гаруй хүн амтай.

Иргэдийн хөгжлийн төвтэй болсноор төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа аж.

Ташрамд дурдахад, өмнөх онуудад Сайншанд сумын I, II, V, VI, VII, VIII багт “Иргэдийн хөгжлийн төв”-ийг барьж ашиглалтад оруулж байсан.



Ханбаянзүрх хайрхан руу тавьж буй замын ажил 75 хувьтай 


Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаян зүрх хайрхан чиглэлийн 6.8 км хатуу хучилттай авто зам шинээр барих ажлыг улсын төсвийн дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Эн Ди Ти Кэй" гүйцэтгэж байна.

11 дүгээр сарын 16-ны байдлаар ажлын гүйцэтгэл 75 орчим хувьтай байгаа бөгөөд нийт дөрвөн км замыг асфальтаар хучжээ. Харин туслан гүйцэтгэгчээр "Дорноговь АЗЗА" ТӨХК ажиллаж байна.

Хатуу хучилттай замын ажлыг ирэх жил бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хамарын хийд-Ханбаян зүрх хайрханы чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Дорноговийг зорих аялал жуулчлалын урсгал ихэсч, аялал жуулчлалаар олох орлого нэмэгдэх боломжтой юм.

Хамарын хийд, Ханбаян зүрх хайрханыг зорьсон гадаад, дотоодын жуулчдын тоо жилдээ дунджаар 100 мянга орчим  болж өсчээ.


Даланжаргалан суманд спорт заалыг ашиглалтад оруулав


Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа Олон-Овоо багийн бага сургуулийн спорт заалыг шинээр ашиглалтад оруулав.

Барилгын хөрөнгө оруулагчаар "Дорноговь-Их хөгжил сан" ТББ, Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулж буй "Чингисийн хар алт" ХХК, гүйцэтгэгчээр "Эрмүүн инженеринг" ХХК ажиллажээ. Барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн аж. Даланжаргалан сум нийт 3000 орчим хүн амтай.

Ингэснээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж аймаг, улс, олон улсын тэмцээн уралдааныг амжилттай оролцох боломжийг нээж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Мөн Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл суманд соёл, спортын төв, Хатанбулаг сумын 5 жил зогсонги байгаа соёл спортын цогцолбор, Өргөн суманд спорт заал, Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд суманд спорт талбайг байгуулж байна.

 

Шизүока гудамжны авто замыг шинэчлэв


Сайншанд сумын II багийн Шизүока гудамжны 0.5 км авто замыг шинэчлэх, явган хүний зам хийх ажлыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Дорноговь АЗЗА" ХХК гүйцэтгэж 11 дүгээр сарын 16-нд хүлээлгэн өгсөн.

Энэ замыг одоогоос дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулж байсан бөгөөд замын зарим суурь бүтэц хучилт эвдэрснээс үүдэж авто машин зорчиход хүндрэл үүсээд байсан юм.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт сум суурин газруудын хүн амын төвлөрөлд тулгуурлан сум бүрийн онцлогт тохирсон хөгжлийн загварыг боловсруулах зорилтыг тусгажээ.

Мөн нийтийн зам талбайг шинэчлэх, дахин байгуулах, олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр үе шаттай барихыг дэмжих, эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах стандарт шаардлагыг хангасан нийгмийн үйлчилгээг бий болгох зорилтыг дэвшүүлсэн байна.

 

 

Холбоотой мэдээ