Түргэн хоолонд химийн хорт бодис байдгийг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /VOA/. Түргэн хоол бол илчлэг сайтай, давс, элсэн чихэр ихтэй, таргалуулдаг гэдгийг хүн бүр мэддэг.
Харин сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, гялгар уут хийхэд ашигладаг химийн бодисууд нь түргэн хоол иддэг хүмүүсийн биед нэвтрэн ордог болохыг тогтоосон байна.
АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийн “Милкен” эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын хийсэн дүгнэлтээр бол, түргэн хоолонд дуртай хүмүүсийн биед фталат гэдэг химийн хорт бодис их хэмжээгээр нэвтэрснээр нөхөн үржихүйн тогтолцоог гэмтээн үрэвсүүлж, үргүйдэлд хүргэх аюултай аж.
Хоол хүнсний сав боодол, ялангуяа гялгар уутыг хийхэд фталатыг ашигладаг учир уг хорт бодис нь уутаар дамжин хоол хүнсэнд нэвчдэг болохыг судалгаа харуулжээ. Дээрх хүрээлэнгийн ажилтан Ами Зота-гийн ярьснаар бол, байнга түргэн хоол иддэг хүмүүсийн бие дэх фталатын хэмжээ бусадтай харьцуулахад 40 хувиар их байдаг аж.
Судалгааны явцад тус хүрээлэнгийн ажилтнууд 9000 хүнтэй уулзаж, сүүлийн 24 цагийн хугацаанд ямар төрлийн хүнсний зүйл хэрэглэсэн гэдгийг нь асууж лавлан, фталатын түвшинг тодорхойлохын тулд тэднээс шээсний шинжилгээ авчээ. Шинжилгээний дүнгээр түргэн хоол их хэмжээгээр идэх тусам фталатын хэмжээ ихэсч байдаг нь батлагджээ.
Фталатаас гадна бисфенол А /BPA/ гэдэг химийн бодис түргэн хоолонд дуртай хүмүүсийн биед илэрдэг нь уг бодисыг хоол хүнсний савлагаанд ашигладагтай холбоотой аж. BPA нь фталаттай адил хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Дашрамд дурдахад, 2008 онд Америкийн Конгресс хүүхдийн тоглоом хийхэд фталатыг ашиглахыг хоригложээ.
Х.Сарнай