“Google”-ийн хиймэл оюуныг ашиглан үүдэл эс гарган авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-11-18 16:44:15

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /TASS/. Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл оюуныг ашиглахаар шийдвэрлэжээ. Энэ тухай “Nikkei Asia” сонинд эрдэмтдийн мэдэгдлийг эш татан бичсэн байна. 


“Google-тэй байгуулсан хамтын ажиллагаа бол үүдэл эсийг илүү үр дүнтэй, аюулгүй аргаар гарган авах технологийг боловсруулахын тулд хамтран ажиллах боломж гэж бид харж байна” гэж Киотогийн их сургуулийн судалгааны багийн ахлагч Сайто Хирохидэ Токиод болсон үйл ажиллагааны үеэр мэдэгджээ.


Судлаачид iPS эсүүдийг /олон боломжит зохиомол үүдэл эс/ үүсгэхийн тулд хиймэл оюуныг ашиглах ажээ. Хиймэл оюуныг ашиглаж байгаагийн гол зорилго нь тэдгээрийг анагаах ухаанд нэвтрүүлэх үйл явцыг хурдасгах явдал юм. Эрдэмтэд хүний биеийн энгийн эсийг дахин програмчилж үүдэл эс болгон хувиргахдаа мэдрэлийн эсүүдийн сүлжээг ашиглана. Ингэснээр хиймэл оюун нь эрдэмтдийн өөрсдөө нээж олоход амаргүй, илүү үр дүнтэй аргыг боловсруулахад тусална гэж найдаж байна.


Эрдэмтэд “Google”-ийн “AI Co-Scientist” хэмээх платформыг ашиглахаар төлөвлөжээ. Энэхүү системийг  таамаг дэвшүүлэх, шинжлэх ухааны өгөгдлийг боловсруулахад туслах зорилгоор бүтээсэн бөгөөд Японд энэ хэрэгслийг ашиглах анхны байгууллага нь Киотогийн их сургууль болох юм.


iPS бол бие организмын энгийн эсийг үр хөврөлийн хөгжлийн эхэн үедээ хараахан тусгай чиг үүрэг аваагүй “анхны төлөв”-т байх үед нь буцааж хувиргах замаар гарган авдаг эсийн төрөл юм. Өөрөөр хэлбэл, ийм төлөвт орсон эсийг дахин зохиомлоор "хүссэн шинж чанартай болгон" хувиргах боломжтой. 


iPS эсүүдийг 2006 онд Японы эрдэмтэд энгийн хулганы эсэд шинэ ген суулгах замаар анх гарган авсан байна. 


Ийм төрлийн үүдэл эсээс хүний бүх төрлийн эд эс, эрхтний эсийг ургуулах боломжтой тул анагаах ухаанд өргөнөөр хэрэглэх боломжтой. Тухайлбал, чихрийн шижин гэх мэт өвчнийг эмчлэхэд ашиглаж болно.



Холбоотой мэдээ