Баримтат өвийг дижитал хэлбэрээр хадгалж хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-11-18 14:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалтыг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд өнөөдрөөс эхлүүлж байна.

Хоёр өдөр болох сургалтыг “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байна. Дэлхийн олон улс оронд баримтат өвийн асар олон үнэт дурсгал дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.


Сургалт нь “Баримтат өв, дижитал өвийн хадгалалт, түүний хүртээмжийн тухай ЮНЕСКО-гийн 2015 оны зөвлөмж”-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ. Тиймээс сургалтад оролцогч нарт баримтат өвийг дижитал хэлбэрт оруулах талаарх ерөнхий зарчмууд болон тэдгээрийн цаашдын хадгалалт хамгаалалтын талаар хэлэлцэх боломж олгож байна.


Сургалтад баримтат өв, соёлын өвийн чиглэлээр ажилладаг архив, музей, их, дээд сургуулийн судлаач нарын 20 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. Тэдэнд манай улсад ирээд буй ЮНЕСКО-гийн мэргэжилтэн Саймон Чу, Сара Чой нар  багшилж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ