"Хэнтий аймгийн хүүхдийн өнөөгийн байдал" эмхэтгэлийг хэвлүүлжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-18 15:26:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хэнтий аймгийн хүүхдийн өнөөгийн байдал” сэдвээр эмхэтгэл хэвлүүлжээ.

Хэнтий аймаг 2018 оны жилийн эцсийн байдлаар 79106 хүн амтайгаас 27314 нь хүүхэд буюу хүн амын 34,5 хувийг эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн есөн сарын байдлаар 23 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19,4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,8 промилоор өссөн дүн гарчээ. Түүнчлэн 14-19 насандаа жирэмсэлж төрсөн охид 2017 онд 108 байсан бол энэ жилийн эхний есөн сарын байдлаар 86 бүртгэгджээ. Эдний 80 шахам хувийг 18, 19 настай охидууд эзэлж байна. Нийт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 23 хувийг 20 хүртэлх насны охид эзэлж байгаа бол сүүлийн гурван жилийн байдлаар нийт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 24,3-25,5 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.

Тус аймгийн хэмжээнд 26 сургуульд 15370 хүүхэд, 35 цэцэрлэгт 6345 хүүхэд суралцаж байна. Сургууль завсардсан хүүхдийн тоо 2012 онд 193 байсан бол 2016 онд 78, 2018 онд 60 болон буурчээ. Өнгөрсөн оны дүнгээр хүчирхийлэлд нийт 30 хүүхэд өртсөн бөгөөд үүний 11 нь охид байв. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 1219 хүүхэд байгаа бол гэмт хэрэгт холбогдсон 17, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос үйлчилгээ авсан 19 хүүхэд байна. Мөн хүүхдээс гарсан саналыг шийдвэртээ тусгасан тогтоол 2016 онд гурав, 2017 онд гурав, 2018 онд долоон удаа гарсан аж.

Холбоотой мэдээ