Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” тоглолт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Индонез Улс (БНИУ)-ын Жакарта хотноо энэ сарын 16-нд “Монгол дуурийн үдэш” тоглолт боллоо.
БНИУ дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар зохион байгуулсан уг тоглолтод Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин, СТА Д.Отгонжаргал, Д.Дуйнхоржав, дуучин, СТА Н.Наранбаатар нар оролцсон байна. Дуучид Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлээс гадна "Би Монгол хүн", "Монголын тал нутаг" дуугаар үзэгчдийн сонорыг мялаажээ.
Монгол, БНИУ 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Цаашид эрчим хүч, боловсрол, худалдаа, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд байгааг Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали тоглолтын нээлтийн үеэр онцлоод, “Монголын дуурийн үдэш” нь соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж буйгаа илэрхийлжээ.