Замын-Үүдэд хог хаягдлыг ангилан ялгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-19 17:16:04

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүд суманд хог хаягдлыг ангилан ялгах томоохон аян өрнөж байна. Сумын Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 319 тоот захирамжаар сумын хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгаж хэвших, сайн туршлагыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, албан байгууллагыг шалгаруулж урамшуулахаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна сумын хэмжээнд 24 ширхэг ангилан ялгах савыг соёл спортын ордон болон ерөнхий боловсролын гурван сургуульд байршуулсан аж.

Мөн сумын ЗДТГ-аас Улаанбаатарт ажилладаг хог хаягдлыг ангилан ялгадаг хувь хүмүүстэй хамтран ажилласнаар хоёр сарын хугацаанд Замын-Үүдээс нийт 30 гаруй тонн хог хаягдлыг ангилан ялгаж нийслэл рүү тээвэрлэсэн байна.

Төрөл бүрийн хог, лааз, ахуй хэрэглээний сав, хуванцар сав зэргийг тодорхой үнээр худалдан авч байгаа аж.

Холбоотой мэдээ