"Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-нд Богд хааны ордон музейд болно.
ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн залуу хойч үеийнхэнд хүргэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж авах зорилгоор утга соёлын хоёр төсөл хэрэгжүүлж байна.
Монгол туургатны шилдэг романыг хэвлэн нийтлэх зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж Өвөрмонголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн уран бүтээлээр “Дэлхийг багтаасан Дэлгэрхангай” нэвтрүүлгийг МҮОНТ-тэй хамтран бэлтгэж олны хүртээл болгожээ. Мөн Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойн хүрээнд УБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, МҮЧЗХ-той хамтран “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт, ярилцлага болон “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
Эдгээрийн үргэлжлэл болгож “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол хийхээр болжээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Улаанбаатарын Их Сургуулийн захирал С.Байгалсайхан, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар удирдана. БНХАУ-аас доктор, профессор Ван Мандуга “Бээжингийн монгол судлал” сэдвээр, ӨМӨЗО-ы нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгс “Өвөрмонголын уран зохиолын түүхэн тойм, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, ном бүтээлийн үзэсгэлэн гаргах юм байна.