Доктор Б.Өмирбекийн "Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалууд" ном нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь
салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, түүхийн ухааны доктор Б.Өмирбекийн "Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалууд" зурагт цомгийн нээлт аймгийн Төв
номын санд боллоо.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг
даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген болон зохиолч, яруу
найрагчид, уншигчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Судлаачийн 2000 оноос эхлүүлсэн
судалгааны ажлын үр дүн болох уг бүтээлд Баян-Өлгий аймгийн 12 сумын
нутаг дэвсгэр дэх түүх соёл, археологийн дурсгалуудын дээж болох 61 хадны сүг
зураг, 153 бугын хөшөө, 216 хүн чулуу, 57 тамга, хиргисүүр, булшны
зургуудыг холбогдох тайлбарын хамт оруулжээ. Харин хэвлэлтийн зардлыг орон
нутгаас шийдвэрлэж өгсөн байна.
"Энэхүү бүтээлээ Баян-Өлгий аймаг
байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулж байна. Манай Улсын хувьд түүх соёлын
дурсгалуудыг аймаг бүрээр нь хийсэн судалгаа байгаагүй бөгөөд энэ
ном маань энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болсноороо онцлогтой юм. Мөн Монгол
Алтайн нурууны хадны сүг зураг, бугын хөшөө, хүн чулуу, булшнуудыг шинжлэх
ухааны талаасаа тайлбарласан" хэмээн доктор Б.Өмирбек хэлэв.
"Баян-Өлгий аймгийн археологийн
дурсгалууд" зурагт цомог нь аймгийн түүх, соёлын дурсгалуудыг олон нийтэд
таниулах зорилгоор гаргах цуврал бүтээлүүдийн нэг хэсэг бөгөөд цаашид "Монгол
Алтайн хадны зураг І", "Монгол Алтайн бугын хөшөө І", "Монгол Алтайн хүн чулуу
хөшөө ІІ" номуудыг хэвлэн гаргах ажээ.