Мэргэжлийн боксчин Г.Ган-Эрдэнийн 2 дахь тулааны тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-02 14:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксчин Г.Ган-Эрдэнэ 2 дахь тулаанаа дахин Филиппин боксчинтой хүч үзэхээр тов нь гарсныг түүний промоутер Энди Ким албан ёсоор мэдэгдсэн байна.


Сонирхогчдын боксын “Универсиад-2013” наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадамд хүч үзсэн Г.Ган-Эрдэнэ 2019 оны 12 дугаар сарын 15-нд Филиппиний боксчин, 26 настай Жерри Табаготой өмнө нь эхний тулаанаа хийсэн Филиппиний Генерал Сантос хотноо тулалдахаар болсныг спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.


Энэ жил 26 настай Г.Ган-Эрдэнэ БНСУ-ын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа аж.


Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, боксын спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ 2019 оны 10 дугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, 6 раунд тулалдаж оноогоор ялсан юм.

Холбоотой мэдээ