Баянтэс сумын төвийг камержуулахад 8.5 сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-12-03 21:58:23

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Баянтэс сум энэ жил 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай “Соёлын төв”-ийн барилгын ажлыг эхлүүлээд ажлын гүйцэтгэл одоогоор 80 орчим хувьтай байна. Мөн нэг тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хоёр давхар цэцэрлэгийн барилгын ажил эхлээд 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамирын спортын талбай”-тай болжээ. Түүнчлэн эрчим хүчний 0.4-ийн шугамыг шинэчилсэн байна. Харин сумын төвийг камержуулахад 8.5 сая төгрөгийг зарцуулж 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаанаар халдаг, душ бүхий халуун усны газрыг барих ажлыг эхлүүлсэн тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

Эрүүл мэндийн салбартаа 100 сая төгрөгийн

тоног төхөөрөмж нийлүүлжээ

Баянтэс сум эрүүл мэндийн байгууллагадаа 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилгын их засварыг хийжээ.

Түүнчлэн 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсноор сумын хүн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлснээр хөдөөгийн багууд эхо-гоор оношилж зүрхний бичлэгийг хийдэг болжээ. Мөн цусны анализатор аппараттай болсноор иргэд цусны ерөнхий шинжилгээг сумынхаа эрүүл мэндийн төвд өгч байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой энэхүү төсөлд тус сумын 5-65 насны 1814 иргэн хамрагджээ. Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн аж. Тодруулбал зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэжээ.

Сумынхаа залуу боловсон хүчнүүдийг дэмжиж байна

Баянтэс сум нь сумынхаа их дээд сургууль төгсөж буй төгсөгчдийн судалгааг жил бүр хийж их сургуулиа төгсөөд сумандаа ажиллах залуу боловсон хүчнүүдээ дэмждэг байна.

Тухайлбал эрүүл мэнд, боловсролын салбар болон үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэх гэж буй залуу боловсон хүчнүүдийг ажлын байраар хангадаг ажээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудад 60 гаруй, аж ахуйн нэгжид 20 гаруй хүнийг тус тус ажлын байраар хангасан байна. Мөн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаатай холбоотойгоор 40 гаруй түр ажлын байрыг бий болгож 50 гаруй хүнийг түр ажлын байраар хангажээ. Тун удахгүй нэхий боловсруулах жижиг үйлдвэртэй болсноор ажлын байр нэмэгдэнэ. Мөн Дэлхийн зөн ОУБ-ын тусламжтайгаар талх нарийн боов, гутал үйлдвэрлэл, оёдлын гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэтээр сумын хэмжээнд жижиг үйлдвэрүүд бий болохын хэрээр ажлын байр нэмэгдэх юм хэмээн Баянтэс сумын ЗДТГ-аас нэмж мэдээллээ. 

Ирэх жил сумын төв дотроо хатуу хучилттай замтай болно

Баянтэс сум 2020 онд цэцэрлэг, соёлын төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулна.

Ийнхүү томоохон барилгууд ашиглалтад орох учраас нэгдсэн халаалтад холбох төлөвлөгөөтэй байна. Нэгдсэн халаалтад холбогдсоноор иргэд тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Цаашлаад байгалийн баялгаа хамгаалах боломжтой болно. Иймд ирэх жил хийх хамгийн том бүтээн байгуулалт бол нэгдсэн халаалт юм. Мөн сумынхаа төв гудамжийг хатуу хучилттай авто замтай болгохыг зорьж байна. Иргэдээсээ санал авсны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сум дотроо хатуу хучилттай замтай болно. Энэ нь сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ. Мөн замын хөдөлгөөнийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Учир нь манай сумыг дайран өнгөрдөг бизнесменүүд, ачаа тээврийн том машинууд, жуулчид гээд улирлын чанартай хөдөлгөөн нэмэгддэг юм. Нэмж дуулгахад манай суманд эрт өвөл болдог онцлог цаг агаартай бүс нутаг. Өнгөрсөн зун өвс, ногооны гарц сайн байсан, сайхан намар болсон хэдий ч малчид өвөлдөө бэлтгэлээ сайн базаасан. Жил бүр цас их унадаг, олон ч удаа зудад нэрвэгдэж байсан учраас сургамж авч бэлтгэлээ сайн базаадаг болсон. Сумын хэмжээнд энэ жил 100 тонн өвс, багууд  тус бүр 10 тонн өвс бэлтгэж, 20 тонн хивэг оруулж ирээд байгаа хэмээн сумын ЗДТГ-аас дуулгав. 

Холбоотой мэдээ