Гэр хорооллынхон Ногоон намтай хамтарч ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-12-04 14:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбооны байранд “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Хэлэлцүүлгээр хоёр үндсэн илтгэл тавигдсан юм. Эхний “Тэг хаягдлыг амьдралын хэв маяг боглгоё” илтгэлийг “Zero wastle” пейж хуудас ажиллуулагч, судлаач Д.Өлзийбилэг тавьж, гэр хороололд оршин суугчид хог хаягдлаа задалдаг технологи бүхий арга аргачлалыг хэрэглэснээр өөрсдөө хог хаягдлаасаа салах боломжтойг танилцууллаа. Хамгийн наад зах нь хог хаягдаа ангилан төрөлжүүлснээр түүнийг худалдан авч боловсруулах ААН-үүд Монголд хэдийн ажиллаад эхэлснийг дуулгалаа.


Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллын хөгжил” нам, Монголын Ногоон нам (МНН) гэр хорооллыг ногоожуулах талаар хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ талаар “Гэр хорооллын хөгжил” намын дарга Б.Батсүхээс тодруулбал, “Ногоон хөгжлийг өнөөдөр Улаанбаатар хотын жишээгээр хөндвөл орон сууцны хороололд хэцүү байгаа. Нийслэлийн газар нутгийн 70 хувь нь гэр хороолол байгаа. Тиймээс энэ үлдсэн 70 хувиа зөв зохион байгуулахад, гэр хорооллыг орон сууцжууллаа гэхэд ногоон хөгжлийг төлөвлөх боломжтой юм” гэдгийг онцлов.


“Гэр хорооллынхонд зориулж амьжиргааны чадавхид нийцсэн орон сууц, хүлэмжийн аж ахуй барьснаар ногоон хөгжлийг бий болгосон орчин үеийн төлөвлөлт бүхий хотыг хөгжүүлэх судалгааг АХБ-наас гаргасан байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид явна. Учир нь гэр хорооллыг тэнд амьдарч буй иргэд л хөгжүүлнэ. Би жишээ нь, гэр хороололд амьдардаг, бүхий тулгардаг бэрхшлээ бид өөрсдөө сайн мэддэг учир ногоон хөгжлийг хөгжүүлэхэд гэр хорооллынхны оролцоо бас чухал юм” гэв.


Ингэхдээ тэрээр, гэр хорооллынхныг утаа үйлдвэрлэгч, хөрс бохирдуулагч гэж ялгавартай хандаж болохгүй. Гэр хорооллынхон ч энэ байр сууриас өөрсдөө салах боломжтой гэж байлаа. Энэ үүднээс гэр хорооллынхны газрыг нь эргэлтэнд оруулж өөрсдөөр нь бизнес хийлгэх ёстой. Үүнийг хангахын төлөө хоёр нам ажиллана гэсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод 152 хороо байдгаас 86 хороо нь гэр хорооллыг төлөөлж байна. 220 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ