Үе үеийн удирдлагуудад "Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн" шагнал хүртээлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-12-07 16:27:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт Монгол Улсад газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа өргөн дэлгэр болж байна. Энэ өдөр олон арван тариаланч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Атарчдын алдар медалиар энгэрээ мялаалаа.

Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан үе үеийн Засаг дарга нар, зарим удирдлага, мөн нийгэм улс төрийн нэрт зүтгэлтнүүддээ “Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн” хэмээх хүндтэй шагналаа гардууллаа. Тодруулбал Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж, Ерөөгийн САА-н даргаар ажиллаж байсан н.Пүрэвжав, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Алтангэрэл, Ж.Баярмагнай, С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн ХААГ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадарч, Х.Даваахүү нарын хүмүүс Сэлэнгэ аймгийн "Хүндэт" иргэн хэмээх эрхэм хүндэтгэл хүртлээ.

Түүнчлэн баярын хүндэтгэлийн хуралдааны үеэр тариаланчид, төлөөлөгчдийнхөө энгэрт "Сэлэнгэ аймаг-Атар 60" дурсгалын медаль зүүж, "Атар нутаг" зургийн цомог, "Сэлэнгэ аймаг" сэтгүүл, атрын 60 жилийн ойд зориулсан 200 хуудас бүхий "Өргөн Сэлэнгэ" сэтгүүл, их ойдоо зориулан урласан дурсгалын хивс зэргийг гардууллаа.


Холбоотой мэдээ