Сэтгүүл зүйн Пулицерийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-19 11:37:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. Мэдээллийн “Associated Press” агентлаг, “Los Angeles Times” болон “The New York Times” сонины сэтгүүлчид даваа гарагт Пулицерийн шагналын эздээр тодорлоо. Америкийн сэтгүүлчдийн дунд нэр хүндтэй уг шагналыг гардуулах 100 дахь удаагийн ёслолын ажиллагаа Колумбын их сургуульд болсон байна.

“Associated Press” агентлагийн сэтгүүлч Майкл Брайан хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж буй асуудлыг хөндсөн цуврал нийтлэлээрээ “Нийгмийн төлөөх зүтгэл” төрөлд уг шагналыг хүртжээ.

Харин “Los Angeles Times” сонины сэтгүүлч Америкийн Калифорни муж улсын Сан-Бернардино хотын халдлагын нөхцөл байдлыг мөрдөн сурвалжилсныхаа төлөө Плуцерийн шагналын эзэн болсон байна.

Олон улсын сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн шагналыг “The New York Times” сонины сэтгүүлч Алисон Рубин Афганистаны эмэгтэйчүүдийн хувь заяаны талаарх цуврал материалаараа хүртжээ.

Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийг үндэслэгч Жозеф Пулицерийн /1847-1911/ бий болгосон энэ шагнал нь Америкийн сэтгүүлчдийн хувьд хамгийн нэр хүндтэйд тооцогддог.

Уг шагналын эздийг уран зохиол, хөгжим зэрэг салбарт 21 төрлөөр тодруулдаг байна. Пулицерийн шагналтныг анх 1917 оны зургадугаар сарын 4-нд тодруулж байжээ. Өдгөө шагнал гардуулах ёслолыг дөрөвдүгээр сард зохион байгуулдаг бөгөөд шагналын эздийг 25 хүний бүрэлдэхүүнтэй хараат бус шинжээчдийн баг тодруулдаг байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ