Сүхбаатар аймгийн уяачид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-13 15:35:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жавхлант шарга МСУХ-ноос “Монгол адуу - Монгол уяач-2020” зөвлөгөөнийг Баруун-Урт суманд зохион байгууллаа. Бүх сумаас уяачдын төлөөллийг хамруулахыг зорьсон тус зөвлөгөөнд ахмад, дунд залуу үеийн 200 орчим уяач оролцож, үзэл бодлоо нэгтгэн, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлов.

Сүхбаатар аймаг бол улсдаа хурдан адуугаараа алдартай, хурдны өлгий нутаг гэгддэг. Гэтэл энэ монгол адууны үнэ цэн эрлийз адуу гэх зүйлээс болж буурч үгүй болж байгаа. Тиймээс манай Сүхбаатарын уяачид үүний эсрэг нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл  Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/-ны үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж байгаа юм. Энэ бол дан ганц Сүхбаатарчуудын биш моринд хайртай, морио дээдэлдэг монгол түмний асуудал. Тиймээс бид өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаараа хэлэлцэж байна. Нэн тэргүүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан монгол адууг сэрвээний өндрөөр уралдуулдаг болгох гэсэн хуулийн заалтыг дуу нэгтэйгээр эсэргүүцэж байгаагаа уяачид илэрхийллээ. Зөвлөгөөнөөс олон уриалгыг гаргаж, түүнийгээ Монгол орон даяар түгээн дэлгэрүүлж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг  Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал хэллээ.

Энэ оны отгон зөвлөгөөнөө уяачид МҮМУУХ-ны санаачилга, хүсэлтийг үндэслэн, тэдэнтэй хамтран хийж буйгаараа онцлог. Тус холбооны зүгээс уяачдад мэдээ мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Зөвлөгөөнд уяачид маш идэвхтэй оролцож байна. Энэ бол уяачид ингэж цугларч, олноороо хэлэлцэж зөвлөлдөх асуудал байгааг харуулж буйн тод жишээ. Манай зүгээс монгол адуу, монгол адуучны үнэлэмжийг дахин сэргээх, цаашлаад үндэсний их өв соёлоо хадгалж авч үлдэх чиглэлээр баримталж буй чиглэл, үйл ажиллагаагаа танилцууллаа. Бүгд дуу нэгтэй дэмжиж байна. Жавхлант шарга уяачдын холбоо ч цаашид дотроо дахин хэлэлцэж энэ хоёр холбоогоо нэгтгэж, нэгдмэл нэг санааныхаа төлөө ажиллах уу гэдгийг шийдэх байх. Энэ бол тэдний эрх. Гэхдээ эцсийн зорилго болох монгол адуугаа хамгаалах энэ үйл хэрэгт ямартай ч Сүхбаатар аймгийн уяачид нэгдсэнд таатай байна гэдгийг МҮМУУХ-ны нарийн бичгийн дарга М.Ариунболд онцолсон юм.

 

Холбоотой мэдээ