Путин, Порошенко хоёр утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-19 13:09:34

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Петр Порошенко нар даваа гарагт утсаар ярилцсан тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

“Хоёр орны удирдагчид Украины зүүн хойд нутгийн байдлыг зохицуулах асуудал болон хоёр орны харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцсэн. Түүнчлэн Надежда Савченкогийн асуудал, мөн Оросын иргэд болох Александров, Ерофеев нарын хувь заяаны талаар хөндөн ярилцлаа. Савченког ойрын өдрүүдэд Донын Ростов дахь Украины ерөнхий консулын газарт хандах боломжоор хангахаар тохиролцлоо” гэж Песков хэлсэн байна.

Гуравдугаар сарын 22-нд Ростов мужийн Донецк хотын шүүх Украины армийн албан хаагч Надежда Савченкод Бүх Оросын телевиз, радиогийн компанийн сэтгүүлч Игорь Корнелюк, Антон Волошин нарын амийг хөнөөхөд оролцсон хэрэгт буруутай гэж үзэн 22 жил хорих ял оноож, 30 мянган рублийн торгууль ногдуулсан юм.

Оросын иргэд болох Александр Александров, Евгений Ерофеев нарыг Украины цэргийн албан хаагчид 2015 оны тавдугаар сарын 16-нд Луганск мужийн Счастье сууринд байхад нь баривчилжээ. Киев хотын Голосеевск дүүргийн шүүх даваа гарагт тэдэнд 14 жил хорих ял оноосон байна. Александров,  Ерофеев нарыг “террорист ажиллагаа явуулсан” зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ. Оросын хоёр иргэн 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.

 Тэд өөрсдийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдсээр байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ