Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 16,6 хувь нь вирустэй гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЭлэгний өвчлөлөөр Увс аймаг улсдаа тэргүүлэх болсонтой холбогдуулан тус аймгийн зүгээс Монголын Элэгний Эмч нарын нийгэмлэг, Оном сантай хамтран “Эрүүл элэг” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт элэгний В, С вирүсыг илрүүлэх сорилыг 6 мянган хүнд хийсэн бөгөөд дараагийн ээлжийн 3 мянган сорил энэ долоо хоногоос хийгдэж эхлээд байна.
Эхний ээлжийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс В вирүс 431 ш, С вирүс 541 ш, В, С вирүс 24 ш илэрсэн нь шинжилгээнд хамрагдсан иргэдийн 16,6 хувийг хамарч байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд хамрагдсан 6 мянган хүний 1000 гаруй нь элэгний В, С вирүстэй гарчээ.
Увс аймагт 18-аас дээш насны 42 мянган хүн ам байгаа бөгөөд ондоо багтаж эдгээр хүмүүст элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээг хийх юм. Элэгний В, С вирүсийн шинжилгээг иргэд мянган төгрөгөөр хийлгэж байгаа бөгөөд харин эрүүл гарсан тохиолдолд 5 мянган төгрөгийн үнэтэй вакциныг гурван удаа давтан хийлгэх юм байна. Үүнээс гадна сөрөг гарсан хүмүүсийн вирүсыг тоолох, хамгийн хүнд өвчлөлтэй 100 хүний элгийг эмчлэх ажлыг мөн хийх юм байна.
Увс аймагт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Гладвилл Увс Петролиум” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт 200 сая төгрөг хандивласны 140 саяар нь "Эрүүл элэг" төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн Оном сангийнхан 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Гэвч дахиад 30 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.
Элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээ нь аймгийн төвийн дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төв болон 18 сумын эмнэлэг, мөн хувийн хэвшлийн 4 эмнэлэгт хийгдэж байна.
Увс аймаг Б.Батхүү