Хамтын хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-16 11:53:47

Завхан /МОНЦАМЭ/.Завханы эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл өргөжиж аймаг өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилтынхоо хүрээнд 24 сумын 3200 гаруй эмэгтэйчүүдэд сургалт хийгээд байгаа аж.

Эмэгтэйчүүд зүү ороох оёдол сурахаас гадна эсгий, зөөлөн оёдлын сургалтад 320 орчим эмэгтэй суралцаж орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж буй тухай МЭХ-ны Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. Анх 2017 оноос шат дараалан эхлүүлсэн оёдлын сургалтыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, ЗДТГ хамтран явуулснаар өдгөө Завхан аймгийн 24 сумын эмэгтэйчүүд Монголын уламжлалт зүү ороох оёдлыг сурчээ.

Эдгээр эмэгтэйчүүд өнөөдрийн байдлаар гэрээрээ зөөлөн оёдол, уран хатгамлын төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж "Хамтын хүч" нэрийн дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Харин уран хатгамлын хоёр дахь шатны сургалтаар сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 8000 эмэгтэй зүү ороох гоёлын оёдол хийж сурсан аж. Эдгээр эмэгтэйчүүд бүтээлээ томоохон үзэсгэлэн худалдаануудад танилцуулж борлуулахаас гадна захиалагчдын хүсэлтээр олон тоо ширхэгтэй бүтээлийг урлах захиалгыг сумын түвшиндээ авч урладаг байна. Түүнчлэн уран хатгамлаас гадна европ хувцасны эсгүүр оёдлын дамжааг мөн бодлогоор дэмжиж он гарсаар 320 гаруй иргэн сургалтад хамрагджээ. Сургалтыг дахин хийснээр олон эмэгтэй өөрийн гэсэн чадвартай болж цаашид өрх гэртээ үйлдвэрлэл явуулж өрхийн амьжиргаандаа нэмэр болох, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байнгын захиалагчтай болох давуу талууд бий болоод байгаа. Ташрамд анхны сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн өрхийн орлогыг сүүлийн хоёр жилийн хугацаанд даруй гурав дахин нэмээд байна гэлээ.


Хамтын хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрчээ

Завхан аймгийн “Хамтын хүч-хөгжлийн гарц” төв нь эмэгтэйчүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдаад гурван жил болж байна.

Өдгөө тус төвийн байран дээр 24 сумын эмэгтэйчүүдийн гараар урласан эсгий болон зөөлөн оёмол, модон зэрэг 100 шахам төрлийн бүтээгдэхүүнийг байнга борлуулж байна. Мөн ажилгүй 40 иргэнд эсгийгээр бүтээгдэхүүн хийх 14 хоногийн сургалтыг байнга хийдэг байна. Тус сургалтыг "Ургана ноос" ХХК хариуцан явуулж байгаа аж. Эсгийний сургалтад суусан эмэгтэйчүүд хонины болон тэмээний ноосыг гараар, машинаар сэмлэн боловсруулж 36 төрлийн бүтээгдэхүүнийг хийж худалдаалж эхэлжээ. Эмэгтэйчүүд эсгийгээр ороолт, бойтог, олбог, зээгт наамал, усан хээгээр чимэглэсэн олбог дэвсгэр, алаг мэлхийн суурь, ширмэл ширдэг, малгай, хантааз гэхчлэн эсгийгээр гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлийг хүртэл уран хатгамал, эсгийг хамтатган урлажээ. 

Ташрамд энэ төв нь аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ борлуулалтад дэмжлэг үзүүлэх, нутгийнхаа хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах зорилготой. Нутгийн баялаг бүтээгчдийн гараа гаргаж, сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэгийг эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа ажээ.  














 

Холбоотой мэдээ