Массачусетсийн технологийн дээд сургуультай хамтран ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-16 13:19:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуулийн удирдлагатай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй санаачилгын талаар харилцан санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын ШУТИС, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лаборатори их, дээд сургуулиудын багшид сургалтын шинэ технологи, онлайн сургалт сургалт зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лабораторийн Ерѳнхий захирал Вижай Кумар нар гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар манай улсын их, дээд сургуулийн инженерийн сургалтын төлөвлөгөөг дэлхийн түвшинд ахиулах чиглэлээр хамтран ажиллах, жилд хоёр удаа зохион байгуулдаг J-WEL долоо хоног, дижитал заах аргазүй зэрэг сургалтын шинэ арга зүйн сургалтад хамрагдахаас гадна тус тѳвийн цахим сургалтын нөөц материалуудад үнэ төлбөргүй хандах эрх үүснэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тѳвтэй хамтын ажиллагаатай дэлхийн 17 их сургуулийн нэг болж байна гэж БСШУСЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ