Түүхэн гавьяат уран бүтээлчээ төрсөн нутагт нь мөнхөллөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-06 12:21:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын анхны мэргэжлийн кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраа гуай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул ажээ. Монголын баримтат киноны дэлгэрэнгүй толь болсон зохиолч, найруулагч хэмээн үнэлэгдэж, түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн энэхүү түүхэн гавьяат уран бүтээлчээ хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор төрсөн нутаг, Алтанбулаг сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгон мөнхөллөө.

Монгол киноны ахмад зүтгэлтний нэг Ц.Зандраа бага залуу наснаасаа уран зохиолыг сонирхон “Үндэсний соёлын зам” сэтгүүл болон “Ардын үндэсний эрх” сонинд шүлэг өгүүллэгээ хэвлүүлж олны хүртээл болгож байжээ. Тэрээр 1954 онд өөрийн зохиосон “Шинэ жил” киногоо найруулж, 1955 онд “Гэм нь урдаа” кино зохиолоо бичиж олны хүртээл болгосон байна. Түүний энэхүү бүтээл нь тухайн нийгэмд оршиж байсан дутагдлыг шүүмжлэн хувь хүн амьдралд идэвхтэй байрнаас бүтээлчээр хандаж байхын чухлыг сурталчилсан анхны үнэ цэнтэй бүтээл байсан аж.

Дараа нь “Манай аялгуу” кино зохиолыг Э.Оюуны хамт бичсэн бөгөөд зохиомжийн өрнөл нь хүрээлэн буй байгаль орчны тансаг сайхныг дуулж байгаа дууныхаа дэвсгэр болгон үзүүлсэн анхны кино концерт гэдгээрээ шинэлэг болсон аж. Ц.Зандраа баримтат киноны бүхий л төрлөөр шахам ажилласан туршлагатай нэгэн байжээ. Мөн тэрээр 1962 онд Монголын кино  урлагт  анх  “Хоёр найз” хэмээх  хүүхэлдэйн киног туршин хийж байжээ. Түүний бүтээсэн олон арван киноны дийлэнх нь Монголын түүхэн хөгжлийг тал бүрээс нь тусгасан баримтат кино байдаг байна. 

Холбоотой мэдээ