Энэтхэгт бүх нийтийн 24 цагийн ажил хаялт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 14:27:49

НЬЮ-ДЕЛИ. /The Economic Times/. Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зарласан 24 цагийн бүх нийтийн ажил хаялтад 250 сая орчим хүн оролцож магадгүй байна. “The Economic Times” сонины мэдээлснээр, энэхүү ажил хаялт нь банк болон тээврийн салбарын ажилтнуудыг хамарч магадгүй бөгөөд үүнээс үүдэн банкны үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад саатал учирч магадгүй байна.


Зүүний нам, хөдөлгөөн болон сөрөг хүчний намуудтай холбоотой үйлдвэрчний эвлэлийн 10 холбоо энэхүү ажил хаялтыг зохион байгуулж байгаа аж. Хямралын нөхцөлд Засгийн газар эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй хэмээн үйлдвэрчний эвлэлийн удирдагчид мэдэгдэхийн сацуу эрх баригчид төрийн байгууллагын салбар хэлтсүүдийг хувьчилж байгааг эсэргүүцэж, засгийн газрыг үндэсний ашиг сонирхолд хохирол учруулж байна хэмээн буруутгаж байгаа аж.


Харин Засгийн газар ажил хаялтад нэгдсэнээс гарах хор уршгийн талаар үйлдвэрчний эвлэлүүдэд анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ