ДЭМБ: Хятадад гарсан шинэ вирусний халдвар нэмж тархаагүй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-13 10:03:20

БЭЭЖИН. /Nikkei/. Хятадад нэг хүн нас барж, 40 хүнд халдварласан хатгалгааны тархалт өөр газарт бүртгэгдээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Хятадын төв нутгийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас үүдэлтэй хэмээн үзэж буй уг халдварыг урьд нь бүртгэгдэж байгаагүй шинэ вирусээр үүсгэгдсэн талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.


ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, дотоод, гадаадын тээврийн томоохон цэг байсан Ухань хотын далайн бүтээгдэхүүний захын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Хятадад болон олон улсад өөр тохиолдол бүртгэгдээгүй байгаа ажээ. 


“Халдварын тархалт Ухань хотын захаас үүдэлтэй байх магадлал маш өндөр байна. Уг захыг энэ сарын 1-нээс хаасан. Одоогийн байдлаар эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй, хүнээс хүнд халдварладаг гэх нотолгоо байхгүй байна” гэж ДЭМБ мэдээлсэн байна. 


Ухань хотын Эрүүл мэндийн газрын удирдлагуудын бямба гарагт мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн хатгалгааны халдварын 41 тохиолдол бүртгэгдсэнээс өнгөрсөн долоо хоногт 61 настай нэгэн эрэгтэй нас барсан аж. Түүнчлэн 7 хүний биеийн байдал хүнд байгаа юм. 

Холбоотой мэдээ