Шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой тохиож байна

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2020-01-13 20:59:13

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ой тохиож байна. Өнөөдөр энэ өдрийг тэмдэглэн Г.Дэмид жанжны талбайд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулж, аймгийн удирдлагууд, албан хаагчид, хүчний байгууллага, иргэд оролцлоо.

Мөн ахмад депутат Д.Дамбийжанцан, С.Лхагважав, П.Лонжидсүрэн, Ё.Давааням нарт аймгийн ЗДТГ-аас орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болох "Baby Yak" брэндийн сарлагийн ноосон цамц, сүүний дээж барьж, хүндэтгэл үзүүллээ.

Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход АИХ-ын 400 гаруй депутат гар бие оролцон баталснаас гадна Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлсэн түүхтэй юм.

Хуулийг батлахад Архангай аймгаас Эрдэнэбулган сумын иргэн Д.Дамбийжанцан, Т.Ядамсүрэн, Хотонт сумын иргэн С.Лхагважав, Ихтамир сумын иргэн П.Лонжидсүрэн, Эрдэнмандал сумын Ё.Давааням, н.Ренцэнбал нарын зургаан хүн АИХ-ын депутатаар сонгогдож батлалцаж байжээ.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан байдаг.  Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.