Дорноговьд гадны аймгийн 73 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-14 10:51:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн мал аж ахуйн салбарт өрнөж буй зарим үйл явдлаас хүргэе. Энэ оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар Дундговь, Говьсүмбэр, Төв аймгаас Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Иххэт суманд нийт   62 өрхийн 73 мянга орчим толгой мал отроор өвөлжиж байнаӨнгөрсөн оны 12 дугаар сард 50 гаруй мянган мал отроор өвөлжиж байсан юм.

Нутгийн ихэнх хэсгээр баг зэрэг цастай, мал өвөлжихөд бэлчээр, ус хүртээмжтэй таатай байгаа талаар малчдын төлөөлөл ярьсан.

Сум дундын отрын бүс нутаг болох 11200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн  зохион байгуулалт хийх бөгөөд отор нүүдэл хийх Сумдын Засаг дарга нарт харилцан тохиролцон гэрээг яаралтай байгуулах талаар чиглэл өгч ажиллаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Өвлийн бэлтгэл 83.4 хувьтай


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолын дагуу тус аймаг Аюулгүйн нөөцдөө 100 тонн өвс, сумдын Аюулгүйн нөөцөд 598,6 тонн өвс, сумдын эрсдэлийн санд 25831.8 сая төгрөг хуримтлуулжээ. Харин малчдын түвшинд 8607.5 тонн өвс,753.1тонн үйлдвэрийн болон гар тэжээл, 514.4 тонн хужир шүү бэлтгэснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг 83.4 хувьтай хангасан аж.

Малчдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх гар тэжээл бэлтгэх, цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг  давхардсан тоогоор нийт 14694 малчинд мэдээлэл хүргүүлж, албан даалгавар болон холбогдох шийдвэрүүдийг малчдын өдөрлөг, багийн Засаг дарга нарын сургалтын үеэр сурталчилжээ.

Мөн малын  таван хашаа саравч  шинээр барьж, 85 хашаа саравч,45 уст цэгийг засварлан тохижуулсан байна.


Нэгдүгээр сарын 16-17-нд ихэнх нутгаар бага зэрэг цас орно




Нэгдүгээр сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, салхи шуургагүй байна. Аймгийн УЦУОШГ-аас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд  16-наас 17-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр,17, 18-нд зарим үед секундэд 10-12 метр хүрэх бөгөөд агаарын температур, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх нь.

Дорноговь аймгийн малын тоо 11.9 хувиар өсөв 

Дорноговь аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.4 сая толгой мал тоолуулж өмнөх оноос 11.9 хувь буюу 255.9 мянган толгойгоор малаа өсгөжээ.

Үүнд тэмээ 43.5 мянга, адуу 152.5 мянга, үхэр 91.8 мянга, хонь 1021.6 мянга, ямаа 1094.6 мянга байна. Жил бүрийн эцсийн мал тооллогын дүнгээс үзэхэд аймаг байгуулагдсан 1931 оноос нэг саяас дээш мал тоолуулсан 26 дахь жил, хоёр саяас дээш мал тоолуулсан гурав дахь жил байна гэж албаныхан мэдээлэв.

Мал сүргийн тоог таван төрлөөр авч үзвэл тэмээ 1.6 хувь, адуу 9.0 хувь, үхэр 14.0 хувь, хонь 10.3 хувь, ямаа 14.2 хувиар тус тус өссөн байна. 

Мянгаас дээш малтай өрхийн тоо 29.5 хувиар нэмэгджээ

Дорноговь аймагт хувьдаа малтай 5348 өрх буйн 79.1 хувь буюу 4229 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх байна.

Харин 1000-2000 малтай малчин өрхийн тоо 535 болж өмнөх оноос 29.5 хувиар, 2001-ээс дээш малтай малчин өрх 41 болж өмнөх оноос 51.9 хувиар нэмэгджээ.

2019 онд 7022 малчин бүртгэлтэй байгаагийн 282 буюу 4.0 хувь нь тулсах малчин байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 16-34 насны хүн ам 30.6 хувь, 35-59 насны хүн ам 53.7 хувь, 59+ дээш насны хүн ам 15.6 хувийг эзлэж буй. Нийт малчдын 57.9 хувь нь эрэгтэйчүүд байна.

Малчдын 2197 буюу 31.3 хувь нь нийгмийн даатгалд, 5460 буюу 77.8 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.


Холбоотой мэдээ