Тусгай хоолны дэглэмтэй газрын тогооч нарын мэдлэгийг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-16 11:09:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас Баруун-Урт сумын тусгай хоолны дэглэмтэй газрууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч, няравын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг явууллаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгөний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор шим тэжээлт хоол үйлдвэрлэх, хоолны цэсийг хэрхэн баяжуулах талаарх мэдээллийг тэдэнд олгожээ.

Хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, хоолны цэсийг баяжуулж, хүнсний бүтээгдэхүүний сонголт, тэнцвэртэй хоол ба давс, чихрийн агууламжийг бууруулах технологийн боломжуудыг тогооч, нярав нарт таниулах нь энэ сургалтын гол зорилго. Мөн гар угаах, халдвар хамгааллыг мөрдөхөд анхаарах, томуу томуу төст өвчнөөс сэргийлэхэд хоолон эмчилгээний мэдлэгийг онол, дадлага хосолсон хэлбэрээр олгов.


Сургалтад нийт 4️0 хүн хамрагдлаа. Оролцогчид мэдлэгийн түвшнээ 30 хувиар ахиуллаа. Сургалтад оролцогч байгууллагууд өөрсдийн нэрийн хоолыг авчирч хоолны давсны агууламжийг тодорхойлуулахад давс бага агуулсан хоолоор хүүхдүүдээ хооллож, технологийн картын дагуу үйлчилдэг болох нь харагдлаа. Энэ бол маш том үр дүн гэж аймгийн ЭМГ-ын хоолзүйч Э.Сувд-Эрдэнэ хэллээ.

Сүхбаатар аймгийн ЭМГ нь 2012 оноос хойш найм дахь жилдээ тусгай хоолны дэглэмтэй газруудын тогооч нарын сургалтыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ