Зөгийчдөд 72 боодол сэмж, 397 зөгийн гэр гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-01-18 20:48:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн “Нэмэлт санхүүжилт” төсөл, “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөлд оролцогч зөгийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зөгийн гэр, сэмж олгох үйл ажиллагаа аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт боллоо. Энэ үеэр нийт зөгийчдөд 72 боодол сэмж, 397 зөгийн гэр гардуулав. 

Монголд үйлдвэрлэсэн зөгийн бал нь байгалийн бэлчээрийн олон зүйлийн эмийн ургамлаас боловсруулсан хосгүй чухал үнэт бүтээгдэхүүн учраас дотоод, гадаадын хэрэглэгчдийн анхаарлыг татсаар байна.

Иймээс зөгийн бал үйлдвэрлэлийн технологийг сайжруулан, стандарын шаардлагад нийцүүлэх замаар чанартай бал үйлдвэрлэх, дотоодын хэрэглэгчдийн зөгийн балны тухай мэдлэгийг сайжруулах, хэрэглээг нэмэгдүүлэх, гадаадад Монголд үйлдвэрлэсэн балны онцлогийг сурталчлан таниулах замаар байгалийн цэвэр бал экспортлоход дээрх төслүүдээс ихэд анхаарч байгаа аж.

Төслийн зүгээс зөгийн балны техникийн шаардлага, Зөгийн аж ахуйн нэр томьёо, Зөгийн гэрний зэрэг 3 стандартыг боловсруулж ХАА-н стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэн Улсын стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулжээ. Мөн зөгийн боодол сэмж, гэрийг стандартын дагуу бэлтгүүлэн төсөлд хамрагддаг аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгч байгаа юм байна.

Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй нарын албаны хүмүүс оролцож, зөгийн аж ахуйг хөгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулж, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй зөгийн 10 аж ахуйн нэгжид 397 зөгийн гэр, 72 сэмж гардуулав.

Ингэснээр байгалийн нөөцийг ашиглан хүнсний болон эмийн чанартай зөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Зөгийн салбарын цаашдын хөгжилд нөлөөлөх юм гэж төслийн багийнхан ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд 101 боодол сэмж, 585 гэрийг Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгсөн аж. Энэ удаад Улаанбаатар, Хэнтий, Дархан-Уул аймгийн зөгийн аж ахуй эрхлэгчдэд 167 боодол сэмж, 963 гэрийг гардуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ