Нэг гэр булийн зургаан хүн угаарын хийд хорджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-20 10:33:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багт нэг гэр бүлийн зургаан хүн угаарын хийд хордож энэ сарын 17-ны өдөр эмнэлэгт хүргэгджээ.

Хордсон хүмүүсийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэхэд таван хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал дунд байдалтай байжээ. Тэдэнд холбогдох эмчилгээ хийж, бүрэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргасан байна.

2019 онд аймгийн хэмжээнд угаарын хийн хордлогын 39 тохиолдол бүртгэгдэж, 117 хүн хорджээ. Энэ нь өнгөрсон онтой харьцуулахад 12 тохиолдлоор өссөн үзүүлэлт аж. Харин шинэ он гарснаас хойш таван тохиолдол бүртгэгдэж 17 иргэн хордлогод өртжээ.

Хүйтний улиралтай холбоотой угаарын хийд хордох эрсдэл өндөр байгаа тул машин халаах үед бүхээг дотор суухгүй байх, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, түлээ нүүрсийг бүрэн шатаах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинд удаан хугацаагаар суухгүй байхыг аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ