Хунтайж Чарльз Шведийн идэвхтэнтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-23 09:57:02

ДАВОС. /BBC/. Их Британийн Уэльсийн хунтайж Чарльз Швейцарын Давос хотноо зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Грета Тунбергтэй уулзсан байна.


Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын талаарх арга хэмжээний үеэр хунтайж Чарльз үг хэлснийхээ дараа Г.Тунбергтэй уулзжээ. “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн аюултай асуудал юм” гэж хунтайж хэлжээ.


Хунтайж Чарльз болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч өсвөр насны охин нарын уулзалтын гэрэл зургуудыг Кларенсийн ордон “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Г.Тунберг мягмар гарагт болсон арга хэмжээний үеэр олон нийтэд хандан үг хэлсэн юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Давосын чуулга уулзалтын үеэр үг хэлсний дараа “хий хоосон үг амлалт үргэлжилсээр байна” гэж Г.Тунберг улс төрчид, бизнесийн салбарын манлайлагчдыг хүчтэй шүүмжилжээ.


Хунтайж Чарьз Швейцарын Галлен хотоос Давос хот хүртэлх 120 гаруй километр замыг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “Jaguar” автомашинаар туулан иржээ. Даваа гарагт эхэлсэн Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт баасан гарагт өндөрлөнө. 

Холбоотой мэдээ