Ховдод байт харвааны холбоо байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-24 17:57:40

Ховд /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын Байт харвааны холбоо хамтран баруун бүс нутагт байт харвааны спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, сонирхон хичээллэх тамирчдыг бэлтгэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хүрээнд Ховд аймгийн БТСГ-т  таван ширхэг аравч, 10 иж бүрэн нум, 100 сум, тамирчдын аюулгүй байдлын хамгаалалтын хэрэгсэл  зэрэг  70.0 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хэрэгсэл хүлээлгэн өгөв. 

Ингэснээр Ховд аймагт олимпийн спортын нэгэн шинэ төрөл хөгжих боломж бүрдэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Тус спортыг орон нутагт хөгжүүлэх болсонтой холбогдуулан Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Б.Уранчимэг 14 хоногийн сургалтад хамрагдаж, сургагч багш болсон аж.

Мөн Байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Золбоо Ховд аймагт хүрэлцэн ирж, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, өсвөрийн тамирчдад дөрвөн өдрийн сургалт хийж, туршлага хуваалцжээ.

Цаашид Ховд аймгийн БТСГ-аас "Байт харвааны холбоо" байгуулж, өсвөр үеийн хүүхэд, насанд хүрэгчдэд сургалт хийж, тамирчдыг бэлтгэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Холбоотой мэдээ