Хятадын цагаан сарыг Мексикт тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-25 17:28:07
Yesukheitumur Tumurbaatar

МЕХИКО. /Chinadaily/. 2020 оны хаврын баяр, Хятадын цагаан сарыг тохиолдуулсан Хятад шинэ жилийн хувцасны тэмцээн Мексикт болжээ. Тэмцээнийг Мексик дэх Хятадын Элчин сайдын яам, Мексик дэх Хятадын соёлын төв, Мехико хотын Захиргаа хамтран энэ сарын 19-нд зохион байгуулсан байна.


4500 орчим хүн оролцсон энэхүү арга хэмжээнд Мексик дэх Хятадын элчин сайд Жу Чиньяо, Мексик дэх Хятадын элчин сайдын яамны соёлын зөвлөх Жуанг Лишяо, Мексик дэх Хятадын соёлын төвийн захирал Лөү Жүн нараас гадна бусад албаны хүмүүс оролцжээ.


Нээлтийн үеэр Элчин сайд Жу Чиньяо Мексикийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, “Хаврын баяр бол Хятадын хамгийн том уламжлалт наадам бөгөөд соёлын гүн гүнзгий утга учрыг агуулдаг. Мексик дэх Хятадын Элчин сайдын яам энэхүү арга хэмжээгээр дамжуулан Мексиктэй жилийн туршид олон тооны соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэв.


Энэхүү тэмцээнийг хүүхэд, насанд хүрэгчдийн гэсэн 2 бүлэгт хуваажээ. Нийт 40 хүн оролцсон уг тэмцээний хамгийн залуу оролцогч нь 4 настай байжээ. Загваруудын ихэнх нь Хулгана жил болон Хятад зурхайн хэв шинжийг агуулж байжээ. Тэмцээний тэргүүн байр эзэлсэн Мексик гэр бүл Хятадын Гуанжоу хот руу аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Арга хэмжээний төгсгөлд Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын урлагийн “Tongliao” хамтлаг хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолтоо сонирхуулжээ.

Холбоотой мэдээ