Р.Гандиймаа: Архангай аймагт коронавирусний халдвар илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-27 20:35:18

Архангай /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний сэжигтэй тохиолдол Архангай аймагт илэрсэн тухай сайтууд болон иргэд цахим сүлжээнд буруу, зөв нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацаж байна. Үүнтэй холбоотойоор аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа нараас тодрууллаа.


Р.Гандиймаа: Манай аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй


-Архангай аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх. Энэ чиглэлээр яг бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Цахим сүлжээгээр явж байгаа буруу ташаа мэдээллийг залруулмаар байна. Архангай аймагт өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Мөн сэжигтэй тохиолдол ч илрээгүйг албан ёсоор хэлье. Ер нь бол улирлын томуугийн дэгдэлт байгаа. Ийм нөхцөлд томуугийн шалтгаантай ханиалгах, халуурах, уушгины хатгалгаагаар хүндрэх тохиолдлууд бүртгэгдэж байна. Гэхдээ шинээр гарч байгаа коронавирусний халдвар бусад улс орнуудад бүртгэгдсэн байгаа  БНХАУ-д зорчсон хүмүүс улирлын томуугаар өвдөөд ирэхэд бид нар ДЭМБ-ын зөвлөмжилж байгаа зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Архангай аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй, өвчлөөгүй байгаа гэдгийг албан ёсоор хэлэхийн сацуу яг энэ улс оронд зорчсон хүмүүс ирээд томуугийн дуудлага өгөх энэ нөхцөлд бид нар дэглэмийнхээ хүрээнд л ажиллаж байгаа. Энэ сарын 27-нд Хонконг руу зорчоод ирсэн нэг хүн дуудлага өгсөн. Бид журмын дагуу очиж үзээд тархвар судлалын анамиз авсан. Үүгээр бол энэ хүн тархвар судлалын холбогдолгүй байна, сэжигтэй тохиолдол биш гэж үзсэн.

-Одоо өвчтөний бие ямархуу байгаа вэ?

-Өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт уушгины хатгалгаа байна гэж үзээд эмчилгээг хийж байна. Өвчтөний халуун буурч, биеийн байдал сайжирч байгаа. Ер нь хүн амын өвчлөл их байгаа нөхцөлд буруу ташаа мэдээллийг цахим орчинд тараах нь буруу юм. Хүн амын стресс ихсэх тусам хүн амын дархлаа суларна. Тийм учраас үүн дээр иргэд анхааралтай хандаарай. Албаны эх сурвалжаас мэдээллийг аваарай гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үү?

-Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж байна.


Б.Болормаа: Эх сурвалжгүй буруу ташаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа тохиолдолд бид хуулийн байгууллагад хандана

-Архангай аймаг дахь шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж буй ажлын талаарх бодит мэдээллийг аймгийн ЭМГ-аас, аймгийн Онцгой комиссоос албан мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд авч ашиглах нь зүйтэй. Хэрэв ард иргэдийг төөрөгдүүлсэн, бодит биш, эх сурвалжгүй буруу ташаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа тохиолдолд бид холбогдох хууль журмын дагуу хуулийн байгууллагад хандах болно.

-Өнөөдрийн Онцгой комиссын хурлаар ямар шийдвэр гарсан бэ?

-Өнөөдөр аймгийн Онцгой комисс 12.00 цагт хуралдсан. Хурлаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлж, эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Онцгой комиссын хурлаас захирамж гарсан. Захирамжаар ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар 3-р сарын 2 хүртэл хаасан. Түүнээс гадна олон нийтийг хамарсан урлаг, спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөн, цуглааныг түр хугацаагаар хорьсон. Мөн захирамжийг хэрэгжүүлэх албан даалгаврыг сумдын дарга нар, агентлаг, байгууллагууд, хувийн хэвшлийн удирдлагууд гээд бүгдэд нь чиглэл чиглэлээр нь гаргаж хүргүүлсэн байгаа. Үүний хамт эрүүл мэндийн газраас зөвлөмжийг гарган хүргүүлээд байна. 

Холбоотой мэдээ