Давос-50: Трамп-Тунбергийн "толхилцоон", баян хоосны туйлшрал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-01-29 12:41:59

Жил бүрийн эхээр болдог дэлхийн хэмжээний хамгийн том үйл явдал бол Давосын Эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗФ/ билээ. Уг арга хэмжээний зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт шийдвэр гаргагч нөлөө бүхий хүмүүсийг Давост урьж ирүүлэн, учирч буй саад бэрхшээл, эрсдэлүүдийг хэлэлцэх явдал юм.


Энэ удаагийн Давосын 50 дахь уулзалт "Сонирхон оролцогч талууд эв нэгдэлтэй, тогтвортой дэлхийн төлөө” гэсэн уриан дор болж өнгөрсөн бөгөөд бизнес эрхлэх илүү хүмүүнлэг арга замуудыг эрж хайх, ирээдүйд ажлын байрыг бий болгох, шинэ технологиудыг нийгмийн сайн сайхны тусын тулд ашиглах, эх дэлхийгээ экологийн сүйрлээс аврах, баян хоосны ялгааг багасгах гэх зэрэг дэлхий даяар тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.  


Форумд Д.Трамп, А.Меркель, В.Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ОУВС-гийн захирал Кристалина Георгиева, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар болон нийтдээ 117 улсыг төлөөлсөн 3 мянга гаруй хүн, тэдний дотор 53 орны төр засгийн тэргүүн нар оролцлоо.


Харин Орос, Хятадын удирдагчид Давост ирсэнгүй. Оросын Ерөнхийлөгч В.Путин хамгийн сүүлд 2009 онд Давосын чуулганд оролцох үеэрээ “бүхий л актив ба өр төлбөрийн тооллого явуулж, дэлхийн эдийн засгийн бодит байдлыг тодорхойлох замаар хямралыг хамтдаа даван туулъя” гэсэн санал гаргасныг Давост оролцогчид огт хэрэгсээгүй аж. Үүнээс хойш В.Путин иймэрхүү арга хэмжээнд оролцож байх шаардлагагүй гэж үзсэн бололтой. Тэгээд ч Орос улсад маш олон асуудал хуримтлагдаад байгаа энэ үед олон улсын чуулга уулзалтад оролцох нь цагаа олоогүй хэрэг болно гэж шинжээчид дүгнэж байна. 


Түүнчлэн Хятадын удирдагч Си Жиньпин 47 дахь удаагийн ДЭЗФ-д оролцох үеэрээ даяаршлын үйл явцыг Хятад улс манлайлна гэсэн утгатай үг хэлснийг оролцогчид тааламжтай хүлээж аваагүй аж. Түүнээс хойш дэлхийн ДНБ-ний 20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Хятад улсын удирдагч Давост үзэгдэхээ больсон нь уг арга хэмжээний нэр хүндэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой.


Трамп, Тунберг хоёрын “толхилцоон”


Форумын үеэр хэлэлцдэг гол асуудлуудын нэг бол уур амьсгалын өөрчлөлт. Эл асуудлаар нэг талаас эрх баригчид ба бизнес эрхлэгчид, нөгөө талаас иргэний нийгмийн төлөөлөгчдийн хоорондын зөрчил хурцдаж байгаа нь Давос 2020-ын үеэр тод харагдлаа.


Чуулганы үеэр хэлэлцсэн экологийн тогтвортой байдлын асуудлаар төрийн тэргүүн нар, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдаас гадна байгаль хамгаалах хөдөлгөөний залуу идэвхтэнүүд үгээ хэлсэн нь онцлог үйл явдал байлаа. Тухайлбал, өнгөрсөн онд НҮБ-ын индрээс дэлхий удирдагчдыг ширүүхэн зэмлэж байсан швед охин Грета Тунберг энэ удаад Сальвадор, Замби, Канадын залуу идэвхтэнүүдийг дагуулан ирсэн нь Давосын чуулганд залуу шинжээчид оролцсон анхны тохиолдол юм.    


Чуулга уулзалтын эхний өдөр байгаль орчны асуудлыг хэлэлцэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Шведийн экологийн хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг хоёр хэдийгээр хоорондоо нүүр тулж уулзаагүй боловч “эчнээ” байдлаар ихэд ширүүн маргалдлаа.

Д.Трамп хэлэхдээ, Америк орон эдийн засгийн хувьд улам хүчирхэгжиж, хөгжин цэцэглэж байгааг онцлон дурдаад, дэлхий дээр 1 их наяд ширхэг мод тарих хөдөлгөөнд АНУ нэгдэнэ гэж амлалаа. 


Үүний хариуд байгаль хамгаалах хөдөлгөөний бэлгэ тэмдэг болж буй 17 настай швед охин Грета Тунберг хэлэхдээ “зөвхөн мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадахгүй” гэж үг сөржээ. Тэрбээр “эх дэлхий маань шатаж байна” гээд экологийн сүйрлээс зайлсхийхийн тулд дорх арга хэмжээнүүдийг нэн даруй авахыг уриаллаа. Үүнд:


-Компаниуд, банкууд болон засгийн газрууд ашигт малтмалыг олборлон түлш үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахгүй байх; 


-Ашигт малтмал олборлох салбарт олгож буй бүх төрлийн татаасыг нэн даруй зогсоох;


-Ашигт малтмалаас гарган авдаг түлшнээс нэн даруй татгалзах;


Харин Америкийн Ерөнхийлөгч “дэлхий ертөнцийн төгсгөлийг зөгнөн ёрлогчид”-ын үгийг сонсохгүй байх, өөдрөг бодолтой байхыг уриалсны сацуу "бусдыг түгшээн үймүүлэгч эдгээр хүмүүс давуу байдлыг олж авч, бидний амьдралын бүхий л зүйлийг хянаж байхын тулд үнэмлэхүй засаглалыг үргэлж шаарддаг” гэжээ. Ингэхдээ тодорхой хүмүүсийн нэрийг хэлээгүй боловч танхимд сууж байсан Грета охинд тойруу замаар хандсан нь илт.  


10 мянган франкийн зочид буудал буюу баян хоосны туйлшрал


Жил бүр Давост хэлэлцдэг маш эмзэг асуудал бол орлогын тэгш бус байдал. Хувийнхаа онгоцоор Давост нисэж ирээд хоногийн 10 мянган франкийн үнэтэй зочид буудалд тухалж буй тэрбумтнуудыг харахад л дээрх тэгш бус байдал илүү тод ажиглагдана.

Давост ирсэн хүмүүсийн дотор 36 улсын 119 тэрбумтан байсан бөгөөд тэдний хөрөнгийн хэмжээ 500 тэрбум доллар хүрсэн болохыг сэтгүүлчид тооцоолоод амжжээ. “Форбес” сэтгүүлээс гаргасан манай гарагийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 2153 хүн багтсан бөгөөд тэд дэлхий дээр амьдарч буй 4,6 тэрбум хүнээс илүү баян чинээлэг гэнэ. Oxfam олон улсын байгууллагын илтгэлд дурдсанаар, дэлхийн хамгийн баян 22 хүний хөрөнгийн хэмжээ нь Африкийн бүх эмэгтэйчүүдийн хөрөнгөнөөс давж байх жишээтэй.


Ийнхүү хүн амын хамгийн чинээлэг давхарга ба ядуу эмзэг бүлгийн хүмүүсийн орлогын ялгаа улам лавширч байгаа нь дэлхийн эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжилд ноцтой хүндрэл учруулж болзошгүй гэдгийг ОУВС-гийн захирал Кристин Лагард чуулганы эхний өдөр үг хэлэхдээ анхаарууллаа. 


Түүнчлэн форумын үеэр орлогын тэгш бус байдлын талаарх НҮБ-ын илтгэлийг танилцуулсан байна. Илтгэлд дурдсанаар, дэлхийн хүн амын ердөө 1 хувь нь баячууд бол 40 хувь нь эмзэг ядуу бүлгүүдэд хамаардаг хүмүүс ажээ.  Тэдний 10 хувь нь нийгмийн хамгийн ядуу доод давхаргыг бүрдүүлж байна. Суралцах, эмнэлгийн тусламж авах боломж тун тааруу байгаагийн улмаас эдгээр хүмүүс хэдэн үеэрээ тарчиг ядуу амьдарч байна.  


Хэдийгээр улс орнуудын хоорондын орлогын ялгаа багасч байгаа боловч хамгийн баян ба хамгийн ядуу улсуудын хоорондох ялгаа асар их хэвээр байна. Тухайлбал, Хойд Америкийн улсуудын хүн амын дундаж орлого нь Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудынхтай харьцуулахад 16 дахин өндөр байгаа аж.


Орлогын тэгш бус байдалд нөлөөлж буй 4 том хүчин зүйлийг НҮБ-ын илтгэлд дурджээ. Үүнд:    

—Технологийн инноваци
—Уур амьсгалын өөрчлөлт
—Хотжилт
—Улс үндэстэн дамнасан цагаачлал нь баян хоосны ялгааг туйлд нь хүртэл нэмэгдүүлж байна.  


Ийнхүү нөхцөл байдал хурцдаж буйг мэдэрсэн Давос-2020-ын оролцогчид баян ядуугийн ялгааг багасгахад чиглэсэн глобал санаачилгыг дэвшүүллээ. Энэ бол дэлхий даяар 1 тэрбум хүнийг сургах боловсролын хөтөлбөр юм. Энэ тухай Давос-2020 эхлэхээс долоо хоногийн өмнө ДЭЗФ-ыг санаачлагч Клаус Шваб мэдэгдсэн билээ.   


Өөр нэгэн сонирхолтой судалгаа бол Edelman компанийн хийсэн Edelman Trust Barometer санал асуулга юм. Тодруулбал, хамгийн өндөр хөгжилтэй 27 улсын иргэдийн 56 хувь нь “капиталист нийгэм дэлхийн хөгжлийг боомилж байна” гэж үзсэн бол ¾ нь нийгэмд шударга бус байдал, баян ядуугийн ялгаа газар авсныг дурдаад, өөрчлөлтийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Хөрөнгөтөн нийгэмд хамгийн сэтгэл дундуур байгаа хүмүүс бол таиландчууд /75 хувь/, энэтхэгчүүд /74 хувь/, үүний сацуу  капиталист нийгмийн тулгуур гэгддэг Франц /69 хувь/, Итали /61 хувь/, Испанийн /60 хувь/ иргэд ч мөн адил хөрөнгөтөн нийгмийн тогтолцоо, эдийн засгийн неолиберал бодлогод шүүмжлэлтэй хандаж байна.     


Эдгээр судалгааг хийсэн хүмүүсийн ярьж байгаагаар, хөрөнгө чинээний асар их зөрүүтэй байдал нь аль ч улсын эрх баригчид хянаж чадахааргүй хэмжээнд хүрчээ. 1980-аад оноос эрчимжиж эхэлсэн зөрүүг багасгахын тулд баян иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, амьдралд нь нөлөөлж буй асуудлаар үгээ хэлэх боломжийг эмзэг бүлгийн иргэдэд олгох нь чухал гэж судлаачид үзэж байна. Гэвч эл чухал асуудлыг шийдэхэд ямар ч ахиц дэвшил гарахгүй байгааг Давос-2020-ын үеэр шүүмжилж байлаа.


Б.Адъяахүү  

 

 

Холбоотой мэдээ