Юанийн ам.доллартай харьцах ханшийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-02-06 15:12:30

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ юанийн ханшийг 162 суурь нэгжээр бууруулснаар, нэг ам.доллар 6.9985 юаньтай тэнцжээ. Тус банкны цахим хуудсанд нийтлэгдсэн статистик мэдээллээс үзвэл, энэ нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас хойших хамгийн доод ханш юм.


“Коронавирусний гэнэтийн дэгдэлт нь зах зээл дээр тогтворгүй байдал үүсгэсэн боловч ханшийг урт хугацаагаар бууруулах хүлээлт үүсгээгүй. Халдварын тархалт тогтворжиж, коронавирусний дэгдэлтээс учирсан үр дагаврыг арилгаснаар Хятадын валютад учрах дарамт багасна” гэж Уханийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Гуань Тао цохон тэмдэглэснийг санхүүгийн мэдээллийн "Дунфанцайфу" цахим хуудас уламжилжээ.


Шинэ төрлийн коронавирус дэгдсэний дараа БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац 2021 он гэхэд сэргэнэ гэж тус цахим хуудсанд гарсан материалд цохон тэмдэглэсэн байна. Өвчний тархалтын улмаас ялангуяа үйлчилгээний салбар "ихээхэн хохирол амссан" хэдий ч уг салбарын урт хугацааны чиг хандлага, тэр дундаа БНХАУ-ын эдийн засаг, технологийн хөгжил дэх үйлчилгээний салбарын эзлэх хувь өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж "Дунфанцайфу" цахим хуудаст тэмдэглэжээ.


БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд хүрсний дараахан юанийн ханш нэгдүгээр сарын дундуур бага зэрэг чангарсан юм.


Холбоотой мэдээ