Умард Солонгос баллистик пуужин харвасныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-25 12:05:06

МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгос ням гарагт баллистик пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ буруушаагаад тус байгууллагаас гаргасан тогтоолыг дахин ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

“Умард Солонгос дөрөвдүгээр сарын 23-нд шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг дахин ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд АЗ-ийн гишүүн орнууд үүнийг эрс буруушааж байна” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурдсан байна.

НҮБ-ын АЗ-ийн холбогдох тогтоолуудыг зөрчсөн үйлдэл цаашид хийхээс татгалзаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тухайлбал, баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой аливаа үйл ажиллагаагаа зогсоохыг тус зөвлөл Пхеньяны эрх баригчдад уриалжээ.

НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд мөн Умард Солонгосын ийм  үйлдэл нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг улам даамжруулж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ.

Шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт нь “маш амжилттай” болсон тухай Умард Солонгосын эрх баригчид ням гарагт мэдэгдсэн байна. Уг туршилтыг тус улсын удирдагч Ким Жөн Ун удирдан явуулжээ.

Харин "умардынхан шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт явуулсан нь амжилтгүй болсон" гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн бямба гарагт мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ