Сагил сумын Цагаан гол орчмын хилийн торыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-13 23:23:53

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хамт олон Сагил суманд ажиллаад иржээ. Тэд Сагил сумын Цагаан голын хил орчмын Хөндлөн, Можаагийн зааг, Хөх давааны хэцүү хөтөл зэрэг гурван газарт Аргаль хонь болон бусад ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох зорилгоор хилийн торыг нээж гарц, үүд хийсэн байна. Хилийн торыг чөлөөлөх ажлыг ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр аймгийн БОАЖГ, Хилийн цэргийн 0245-р ангийн харьяа 2-р заставын хамт олонтой хамтран хийж гүйцэтгэжээ.

“Зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох үүднээс Сагил сумын Цагаан гол орчмын хилийн торыг нээлээ. Ингэснээр ОХУ-ын Тува улс болон Увс аймгийн нутагт амьдардаг зэрлэг ан амьтад идэш тэжээл хайж чөлөөтэй бэлчээрлэх боломжтой боллоо. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд бидэнд хүн хүчний туслалцаа үзүүлсэн ахмад Б.Пүрэвдагва захирагчтай Хилийн цэргийн 0245-р ангийн 2-р заставын хамт олонд талархал илэрхийлье” хэмээн Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ