Урт цагаан үйлчилгээний төвийг нураахыг түрээслэгчид нь эсэргүүцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 15:00:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээ мэдэгдсэн. Харин өнөөдөр “Урт цагаан шинэ эхлэл” ТББ –аас мэдээлэл хийлээ.


8000 хавтгай дөрвөлжин метр талбайтай 12 корпусаас бүрдсэн Урт цагаан үйлчилгээний төвийг 30 ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэд цааш нь 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжид дамлан түрээсэлдэг байна.


Хотын А бүсэд байршилтай тус төвийн газарт санаархсан нийслэлийн удирдлагуудын зүй бус үйлдэл үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй иргэн, тэдгээрийн ар гэр 20 мянган хүний эрх ашгийг зөрчиж байна гэлээ.


“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын ТУЗ-ын тэргүүлэгч Ц.Ганболд хэвлэлийн хурлын үеэр: “Урт цагаан үйлчилгээний төвийн газарт санаархсан эрх баригчдын зүй бус үйлдлээс болж түүхийн барилга устаж, ахуйн үйлчилгээ үгүй болох эрсдэл үүслээ. Бид дархны урлал, урлахуйн ухаан, утас зүү эрхшээх монгол соёлыг буухиалан түгээж яваа эгэл жирийн хүмүүс.  Үндэсний бичил баялаг бүтээгч, ахуй үйлчилгээний соёлыг түгээгч бидний ард 20 мянган хүний аж амьдрал бий. Тиймээс бид өөрсдийн хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэнэ” гэж мэдэгдлээ.



Урт цагааны барилгыг 1958 онд хоршоологчдын 126.600 төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээний яамыг татан буулгасны дараа барилгыг Улаанбаатар хотын өмчид шилжүүлсэн байна. Түүнээс хойш нэг ч удаа их засвар үйлчилгээ хийгдэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд үйл ажиллагааг нь зогсоох НМХГ-ын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан өмнө нь хэлж байсан юм.


Тодруулбал, тус төвийн барилга галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийлэл даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог.


Иймд 2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, Жуулчны гудамжны шаардлага, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж нийслэлийн албан тушаалтнууд үзэж буй юм.



Холбоотой мэдээ