Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл рүү нэвтрэхэд асуулга авна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 12:17:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн товчоодод таблет дэлгэцээр санал асуулга явуулах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд өчигдөр уламжиллаа.


Тэрбээр “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тус асуулгад идэвхтэй оролцох, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалах, мөн асуулга авах үеэр иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно. Бидний ажлыг нийслэлээс дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээгээд энэ нь халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлэхийг онцлов.


Хотын Захирагч С.Амарсайхан: “Нийслэлийн удирдлагууд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байна. Тун удахгүй монгол үндэсний сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө, орон нутаг нийслэлийн хооронд хөдөлгөөн идэвхтэй болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлээс дэмжих болно” хэмээжээ.


Энэ дагуу Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаар ахлуулсан ажлын баг автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Тухайн иргэний орж гарсан мэдээлэл болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэх аж. 

Холбоотой мэдээ