Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 15:12:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын  захирамжаар тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг  хоёрдугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 02-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн юм.

Энэ хугацаанд хүнсний бүх дэлгүүрийг оройн 21 цаг хүртэл ажиллуулах, баар, караоке, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, архи согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдаалахгүй байх, эмийн сангуудыг хуваарь гарган 24 цагаар ажиллуулах зэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Мөн банк, худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх, үйлчилсэн тохиолдолд үйл ажиллагааг нь даруй зогсооно.

Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй, хот, аймаг, сум дамжин золголт хийхгүй байхыг олон нийтэд уриалаад байгаа ба хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал, халвдаргүйтэл хийх, зорчигчдод хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ