Хартарвагатайн уурхай нутгийн хишиг тарааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 22:29:55

Увс /МОНЦАМЭ/.Хартарвагатай хувьцаат компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 16 дахь жилдээ Тариалан сумын ард иргэдэд нутгийн хишиг тарааж байна.

Энэ жилийн хувьд 150 гаруй тонн нүүрсийг Тариалан сумын өндөр настан болон эмзэг бүлгийн өрхүүдэд олгож байгаа аж. Одоогоор эхний 100 тонн нүүрсийг сумын удирдлагуудад хүлээлгэн өгчээ. Мөн 65-аас дээш насны ахмадуудад 50 мянган төгрөг олгож байна.

“Манай компани 2004 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Тариалан сумын ард иргэдэд нутгийн хишгийг олгож эхэлсэн. Эхний ээлжийн 100 тонн нүүрсийг Тариалан сумын удирдлагуудад хүлээлгэж өглөө. Үлдсэн 50 тонн нүүрсийг хавар мал төллөлтийн үеэр малчдын нүүдлийн замд өгөхөөр болсон. Энэ ажил Тариалан сумын иргэдийн талархлыг хүлээсэн ажил болж чадсан.

Дэлхий нийтийг сандаргаж буй коронавирусний халдвар газар авч, хөл хорио тогтоосон энэ хүнд цаг үед иргэдийг түлэх түлээтэй болгож байгаадаа баяртай байна” гэж “ХартарвагайХК-ийн ерөнхий захирал Д.Сурмаажав хэллээ.

Холбоотой мэдээ