Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид амны хаалт оёж үнэгүй тарааж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-22 23:45:57

Увс /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид 10 мянган ширхэг амны хаалт оёж, үнэ төлбөргүйгээр тарааж эхлээд байна.

Энэ аянд сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгджээ. Тэд Улаангом руу орох гарах гурван пост дээр 24 цагийн жижүүр хийж байгаа албан хаагч нарт өөрсдийн оёсон амны хаалтаас хүргэж өгөв. Мөн халуун аарц, жүүсээр үйлчилсэн юм.

“Нэг удаагийн амны хаалт нороод байсан юм. Та бүхний оёсон цэвэр даавуугаар хийсэн амны хаалт таалагдаж байна. Их баярлалаа, дахиад амны хаалт хийж тараагаарай. Халуун жүүс уугаад даарахаа болчихлоо” хэмээн төв  пост дээр алба хааж байсан аймгийн МХГ-ын байцаагч Б.Нямжаргал хэлэв. Улаангом руу орох гарах постууд дээр аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, ЦГ-ын хамтарсан багууд 24 цаг ээлжээр ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ