АНУ-ын гол индексүүд хоёр өдөр дараалан унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-02-26 12:30:59

НЬЮ-ЙОРК. /TASS/. Шинэ коронавирусний тархалтын улмаас үүсээд буй болгоомжлолтой холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржийн мягмар гаргийн арилжаа дуусах мөчид гол индексүүд огцом унажээ. 


Америкийн аж үйлдвэрийн индекс болох “Dow Jones” 879.44 нэгжээр доошилж, 27081.36 нэгж болсон бол тус улсын хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс 3128.21 нэгж болж,  97.68 пунктээр буурсан байна. Үүний зэрэгцээ “Nasdaq” цахим биржийн индекс 255.67 нэгж буюу 2.77 хувиар унаж, 8965.61 нэгжид хүрчээ. Даваа гаргийн арилжаа дуусахад гол индексүүд мөн уруудсан бөгөөд энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй савалгаа болсон байна. 


“The Wall Street Journal” сонины санал асуулгад оролцсон шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, гол индексүүд ийнхүү унасан нь коронавирусний тархалт дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэх болгоомжлолоос үүдэлтэй байна. “Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн цочролын цар хүрээ улам бүр нэмэгдэж байгаа бололтой” гэж “Aberdeen Standard Investments” компанийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жеймс Этний хэлжээ. 

Холбоотой мэдээ