Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-02-29 15:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн төв хэсгээр, энэ сарын 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

2020 оны 3 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Гуравдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө  27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ