Хятадын агаарын бохирдол буурсныг хиймэл дагуулын гэрэл зургууд харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-02 14:48:17

ВАШИНГТОН. /CNN/. Хятад улсын агаарын бохирдол шинэ коронавирусний халдвар дэгдсэнээс хойш мэдэгдэхүйц буурсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/, Европын Сансар судлалын агентлагийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулжээ. 


Хятадад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон аж үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Эх газрын Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 80 мянга давж, 2800 гаруй хүн нас барсан байна.


Энэ оны нэгдүгээр сарын 1-20-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд Хятадад азотын давхар ислийн ялгарал өндөр байсан бол хоёрдугаар сарын 10-25-ны зургуудад уг нэгдэл бараг үзэгдэхгүй болсон байжээ.


NASA”-гийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, халдварын голомт болох Ухань хотын агаарын бохирдол илт буурчээ. “Тодорхой үйл явдлын улмаас өргөн цар хүрээг хамарсан бүс нутгийн агаарын бохирдол эрс буурч буйг би анх удаа харж байна” гэж “NASA”-гийн агаарын чанар судлаач Фэй Лю мэдэгдсэн байна.


Хятадад цагаан сарын баярын амралтын үеэр бизнесийн олон үйл ажиллагаа түр хугацаагаар зогсдогтой холбоотойгоор агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирдаг хэдий ч энэ удаагийн бууралт нь баярын амралт, цаг уурын өмнөх нөлөөллүүдийнхээс харьцангуй илүү байжээ.


Фэй Люгийн хэлснээр, энэ онд Хятадын агаарын бохирдол өмнөх жилүүдийнхээс илүү их буурч, уг үйл явц илүү удаан хугацаагаар үргэлжилсэн ажээ. 

Холбоотой мэдээ