Засгийн газраас Б.Иргэлд олгосон шагналуудыг бэр нь бурхан мэт шүтэж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын өндөр настан Тогтохын Дуламжав бол 20-р зууны Монголын тэргүүн баян Бөөрийн Иргэл агсны газар дээрх ганц бэр нь юм. Тэрбээр хадам аавд нь тухайн үеийн Монгол Улсын Засгийн газраас олгож байсан таван хошуу малын дүрс бүхий хоёр мөнгөн сүлд болон буур, азарга, бух, ухна, хуцны дүрстэй цул мөнгөн цутгамлуудыг өдгөө хүртэл хадгалан хамгаалж, бурхан мэт тахин шүтсээр иржээ.
Тэрбээр хэлэхдээ: “Манай хадам аав Б.Иргэлд Монгол Улсын Засгийн газраас олгосон Арван мянган малтан болон Мянган малтны шагнал манайд үе дамжиж ирсэн. Анхандаа хайрцаг савгүй байсан бөгөөд захиалгаар модон хайрцаг хийлгэж авсан. Түүнээс хойш манайд хадгалагдаад олон жил болж байна. Миний хувьд цай, сүүнийхээ дээжийг өдөр бүр өргөж, бурхан мэт тахин шүтэж ирсэн. Надаас хойш энэ шагналуудыг үр хүүхдүүд маань өвлөж уламжлаад явах байх. Энд таван хошуу эцэг малын дүрс бүхий цул мөнгөн цутгамал зургаа байгаагийн хоёр нь хуцны цутгамал юм.
Мөн таван хошуу малын дүрс бүхий хоёр мөнгөн дөрвөлжнийг нь бид сүлд л гэдэг юм. Энэ нь ардаа тагтай бөгөөд тагийг нь авахаар мөнгө төгрөг болоод элдэв янзын нандин зүйлсээ хадгалах боломжтой хайрцаг байдаг. Дээрээ БНМАУ-ын Засгийн газар гэсэн бичигтэй. Хамгийн анх улсын хэмжээнд хоёр мянга гаруй мал тоолуулахад нь Мянган малтны шагнал гэж таван хошуу малын дүрстэй цул мөнгөн сүлд, хуцны дүрс бүхий цул мөнгөн цутгамал, мөнгөн бүслүүртэй агар зандан саалийн хувин, эрээн майхан өгч байсан гэдэг. Сүүлд 10 мянган малтай болоход нь Засгийн газраас таван хошуу эцэг малын цутгамал буюу буур, азарга, бух, ухна, хуцны дүрс бүхий цэвэр мөнгөн цутгамал 5 ширхэг, мөнгөн сүлд, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, ган тулга, эрээн майхан зэргийг өгсөн юм билээ. Эдгээрээс ган тулга нь Наранбулаг сумын Музейд хадгалагдаж байгаа. Мөнгөн бүслүүртэй агар зандан саалийн хоёр хувин нь манай хоёр хүүгийн гэрт нэг нэг бий. Хоёр эрээн майхан нь элэгдэж урагдаад хаягдсан гэдэг.
Манай нөхөр хоёр
эгчтэй, айлын ганц хүү байсан юм. Хөөрхий минь, эрт бурхан болсон. Манайх 5
хүүхэдтэй бөгөөд гурван хүү, хоёр охинтой. Одоо бүгдээрээ тусдаа гарч, ихэнх нь
хөдөө мал маллаж байгаа. Миний хувьд одоо 74 настай бөгөөд хүүхдүүдийн хүүхэд
харах ажилтай сумын төвд орж ирээд 8 жил болж байна. Манай нэг хүү Сумын сайн
малчин болсон. Нэг хүү маань Улаанбаатар хотод гандан хийдэд суудаг.
Энэ шагналуудыг
би өдөр бүр ил гаргадаггүй, зөвхөн Цагаан сараар л ил гаргадаг юм. Байнга шахуу
л арчиж цэвэрлээд, их л нямбай хадгалж байгаа. Хөдөө малчин байхдаа даавуугаар
жийрэглээд хайрцагт нь хийж, ямар ч хөдөлгөөнгүй болгоод тэмээнд ачиж нүүдэг
байсан. Мөнгөн цутгамлуудын чих, эвэр, туурайг нь салгачихна гэж айгаад маш
сайн жийрэглэдэг байсан.
Энэ шагналуудын
зургийг авах гэсэн хүмүүс манайд байнга шахуу л ирдэг. Мөнгөн цутгамал бүрийг
хиллээд баталгаажуулчихсан, цэвэр мөнгөн эдлэл гээд улсын бүртгэлд байдаг.
Эдгээр шагналуудыг хүүхдүүддээ хуваагаад өгчихье гэхээр тэд маань
зөвшөөрдөггүй. Таныг амьд байхад бид үүнийг аваад яах юм. Бид тань шиг арчилж,
тахиж шүтэж чадахгүй гэлцдэг юм. Ямар ч байсан би энэ шагналуудыг насан өөд
болтлоо арчилж тордоод, зураг, түүхийг нь сонирхсон хүмүүст үзүүлж харуулсаар
байх болно” хэмээн Т.Дуламжав гуай ярьсан юм.
Нутаг хошуундаа “Ганган Дууяа” хэмээн хүндлэгддэг
тэднийхээр зочлоход гэр орон нь цэвэр цэмцгэр, ая тухтай, унд цайтай, үнэхээр
сайхан айл байлаа. Тэрбээр өөрөө 74 настай гэхэд хөнгөн шингэн, жавхаатай,
өөдрөг нэгэн байсан юм.
Б.Иргэл
баяны шагнал болоод одоогийн сайн малчдын шагналын тухайд дайх үг
1945 онд Монгол
Улсын Засгийн газраас 97 хүнд “Мянгат малчин” цол олгосон бөгөөд тэднийг Увс
аймгийн Наранбулаг сумын малчин Б.Иргэл 2334 толгой мал тоолуулан тэргүүлж
байжээ. Тухайн үед Б.Иргэл баянд таван хошуу малын дүрсийг багтаасан цул мөнгөн
самбар /Т.Дуламжав гуай сүлд гэж яриад байсан/, мөнгөн хуц, мөнгөн бүслүүртэй
агар зандан саалийн хувин, “Монгол Улсын Засгийн газраас олгов” гэсэн бичигтэй
эрээн майхан зэргийг гардуулж байсан аж. Б.Иргэл баяны мал сүрэг улам хурдацтай
өсч, 1956 онд улсдаа анх удаа 10 мянга гаруй мал тоолуулсан тул “Монгол Улсын
Алдарт сайн малчин” цолыг хүртсэн байна. Тухайн үед түүнд Монгол Улсын
Засгийн газраас буур, азарга, бух, хуц, ухны дүрс бүхий эцэг малын 5 ширхэг цул
мөнгөн цутгамал, дээр нь таван хошуу малын дүрсийг багтаасан мөнгөн самбар
болон мөнгөн бүслүүртэй агар зандан саалийн хувин, “Монгол Улсын Засгийн газраас олгов” гэсэн бичигтэй эрээн майхан зэргийг гардуулж байжээ. Ийнхүү
түүнд Монгол Улсын Засгийн газраас олгосон таван хошуу малын дүрсийг
багтаасан цул мөнгөн самбар хоёр ширхэг, хуцын цутгамал хоёр ширхэг, мөн буур,
азарга, бух, ухны дүрстэй цул мөнгөн цутгамлууд хүүгийнх нь гэрт хадгалагдсаар
байна. Б.Иргэлийн мал сүрэг 15 мянга гаруйд хүрсэн бөгөөд тэрбээр 1958 онд
Наранбулаг сумын “Пеонер” нэгдлийг анх үүсгэн байгуулж, өөрийнхөө 12600 гаруй
мал сүргийг нийгэмчилж байсан түүхтэй аж.
Сүүлийн жилүүдэд
Монгол Улсын аварга малчнаар олон арван хүн шалгарч, таван хошуу малын дүрс
бүхий бэлэг дурсгалын зүйл болон монгол гэрээр тэднийг Засгийн газраас
шагнаж байгаа. Гэтэл тэдний шагналыг Б.Иргэл баянд олгож байсан эцэг малын
дүрс бүхий цул мөнгөн цутгамлуудтай харьцуулахад ичмээр ч юм шиг. Мянган мал
болоод арван мянган мал тоолуулж байсан малчиндаа Монгол Улсын Засгийн газраас
ямархан хэмжээний шагнал гардуулж байсан амьд түүх нь байсаар байхад орчин цагт
хатуухан хэлбэл хүүхдийн тоглооморхуу юм гардуулдгаа болимоор байна. Б.Иргэл
баянд гардуулсан “Монгол Улсын Засгийн газраас олгов” гэсэн бичигтэй эрээн
майхнаас юу ч үлдэлгүй үрэгджээ. Энэ майхны барааг бэр нь ч бараг хараагүй
гэсэн. Улсын сайн малчдад олгоод байгаа улаан халзтай монгол гэрээс тав, арван
жилийн дараа бас л юу ч үлдэхгүй нь тодорхой. Орчин цагийн Улсын сайн малчиддаа
Б.Иргэл баянд олгож байсан шиг их орцтой, цул мөнгөн цутгамлууд биш юмаа гэхэд арай
орчин үежүүлээд ядаж нүүрэн талыг нь мөнгөжүүлсэн таван хошуу малын дүрс бүхий
самбар олгодог болохсон.